Шууд Chart

Саудын Араб улсад эмэгтэйчүүд сонгуульд оролцоно

2015-11-30 15:15:50

Саудын Араб улсад эмэгтэйчүүд анх удаа сонгуульд нэр дэвших, санал өгөх эрхтэй боллоо. 12 дугаар сарын 12-нд болох тус улсын орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр нийт 6.900 гаруй нэр дэвшигч бүртгүүлсний дунд 979 эмэгтэй байгаа юм байна. Саудын Араб улс шариатын хуулийг чандлан мөрддөг учраас өмнөх удаагийн сонгуулиудад эмэгтэйчүүд нэр дэвших, санал өгөх хориотой байжээ.

Харин тус улсын эрх баригчид уламжлалт байр сууриа өөрчилж, орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахаар шийдвэрлэсэн нь Саудын Арабын нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо сайжирч байгааг олон улсад харуулах зорилготой гэж шинжээчид дүгнэж байна. Өчигдөр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа эхэлсэн байна.

Эсрэг хүйсийн хүмүүсийг тусгаарлах, зааглах  хатуу чанд дүрэмтэй энэ улсад эмэгтэй, эрэгтэй нэр дэвшигчдийн кампанит ажилд тусад нь зөвшөөрөл олгож буй юм байна. Гэхдээ эмэгтэйчүүдэд санал өгөх эрх олгосныг үл харгалзан энэ удаагийн сонгуулиар нийт эрэгтэйчүүдийн тооноос даруй 10 дахин бага буюу ердөө 131 мянган эмэгтэй санал өгөхөөр бүртгүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Араб улсад эмэгтэйчүүд сонгуульд оролцоно  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй