Шууд Chart

ОУВС юанийг нөөц валютын сагсанд нэмлээ

2015-12-02 14:12:55

ОУВС БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт юанийг нөөц валютын сагсанд орууллаа. ОУВС-ийн энэ шийдвэр ирэх 2016 оны аравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна. АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт орох эдийн засагтай Хятад улс үндэсний мөнгөн тэмдэгтээ дэлхийн худалдааны нөөц валютын статустай болгох хүсэлтээ өнгөрсөн онд ОУВС-д гаргасан юм байна. “Юанийг нөөцийн валютын сагсанд оруулах тухай Сангийн удирдах зөвлөлийн шийдвэр нь Хятадын эдийн засгийг дэлхийн санхүүгийн системд интеграцчлах үйл явцад чухал үе шат болж байна.

Мөн сүүлийн жилүүдэд улсынхаа валютын болон санхүүгийн системийг шинэчлэхэд хятадын эрх баригчдын гаргасан ахиц дэвшлийг хүлээн зөвшөөрсний тэмдэг” гэж Кристин Лагард тэмдэглэжээ. Юань хэдийнэ дэлхий даяар данс тооцоонд ашиглагдаж, “чөлөөтэй хөрвөдөг валют” болсон учраас ОУВС-ийн энэхүү шийдвэр бэлгэ тэмдгийн шинжтэй гэж үзэх шинжээчид бас байна. Төлбөр тооцооны валютын хувьд юанийн эзэлдэг байр суурь 2010 оны аравдугаар сард 35-р байрт байсан бол 2015 онд 5-рт эрэмбэлэгдэх болж эрс дээшилжээ.

Ази, Номхон далайн бүс нутагт юань хэдийнэ төлбөр тооцоонд хамгийн өргөн хэрэглэгддэг валют болсон байна. Одоогийн байдлаар доллар, евро, Британийн фунт стерлинг, Японы иен дөрвөн нөөцийн валютын сагсанд багтаж байгаа. ОУВС үүнээс өмнө 2010 онд хамгийн сүүлд нөөцийн валютын сагсаа эргэн харахдаа юанийг энэ жагсаалтад оруулахаас татгалзсан байдаг. Хятадын мөнгөн тэмдэгтийг тухайн үед чөлөөтэй хэрэглэгддэг байх шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУВС юанийг нөөц валютын сагсанд нэмлээ   
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй