Шууд Chart

Их говийн тэмээний баярт 400 гаруй тэмээчин оролцлоо

2015-12-02 18:08:52

Говь-Алтай аймагт “Их говийн тэмээний баяр”–ыг 10 дахь жилдээ зохион байгууллаа. Хүнс хөдөө аж ахуйн яам, “Алтайн хөгжил 21 зуун” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан энэ баярт баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Завхан, болон Өмнөговь аймгийн 400 гаруй тэмээчин оролцлоо. 

Тэмээний баярыг анх 2000 оноос эхлэн Говь алтай аймгийн зарим сумд тэмдэглэж эхэлсэн. Тухайн үед Говь-Алтай аймгийн тэмээн сүргийн тоо 1990 оны өмнөх үеэс гурав дахин буурч 18 мянгад хүрээд байсан юм. Тэгвэл сүүлийн 10-н жил дараалан тэмээний баярыг зохион байгуулсаны хүчинд тоо толгой нь өсч 36 мянган тэмээтэй болоод байгаа юм. Цаашид тэмээний түүхий эдийн үнийг өсгөх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэйг УИХ-н гишүүн Ц.Дашдорж хэлж байна.

"Их говийн тэмээний баяр-2015" наадам тэмээн парадаар эхэлсэн. Говь алтай аймгийн 18 сумын төлөөлөл, мөн оролцогч аймгийн тэмээчид орон нутгийнхаа онцлогийг харуулж, Алтай хотын төв талбайгаас Цэнгэлдэх хүрээлэн хүртэл жагссан юм. Их говийн тэмээний баярын үеэр тэмээтэй ганган хос, үржлийн шилмэл ингэ, бууршалгаруулах тэмцээнээс гадна буйл зорох, бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээн болсон.

Тэмээний баярын хамгийн сонирхолтой хэсэг бол хурдан атны уралдаан байлаа. Таван аймгийн 124 ат 12 км-ийн зайд уралдсан юм. Өмнөговь аймгийн Сэврээ сумын тэмээчин Орхонтуулын хөх ат 22 минутад энэ зайг туулж, говийн бүсийн хурдан ат болохоо харуулсан юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их говийн тэмээний баярт 400 гаруй тэмээчин оролцлоо  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй