Өнгөрсөн мягмар гарагт АНУ, БНХАУ цахим аюулгүй байдлын асуудлаар сайд нарын түвшний яриа хэлэлцээ анх удаа зохион байгуулжээ. Вашингтонд болсон энэ уулзалтад АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалахын сайд Жей Жонсон, Ерөнхий прокурор Лоретта Линч, Хятадын нийгмийг аюулаас хамгаалахын сайд Го Шэнкунь нар оролцсон байна.
Уулзалт амжилттай болж, талууд эерэг санал шийдэлд хүрсэн тухай Хятадын Синьхуа агентлаг мэдээлж байна. Хоёр тал цахим гэмт хэрэгтэй тэмцэх удирдамжийг хэлэлцэн баталсны дээр Хятад, Америкийн холбогдох албадын удирдлага хооронд энэ асуудлаар ярих шууд шугам гаргахаар тохирсон байна. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама, Хятадын дарга Си Зиньпин нар өнгөрсөн есдүгээр сард уулзах үеэрээ цахим аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээр байгуулсны хүрээнд энэ сайд нарын түвшний уулзалт зохион байгуулагдсан байна.
Өнгөрсөн онд Америкийн компаниудаас мэдээлэл хулгайлсан хэргээр Хятадын цэргийн таван офицерт ял оноосон юм. Үүнээс хойш хэдийгээр хоёр орны эрх баригчид энэ асуудлаар эрчимтэй яриа хэлэлцээ хийж байгаа ч, Хятадын хакеруудын үйлдсэн цахим халдлагын тоо төдийлөн буурахгүй байгааг Америкийн хууль сахиулах болон тагнуулын албаныхан хэлж байна.
| АНУ, БНХАУ цахим аюулгүй байдлын тухай хэлэлцэв | ||
| Үзсэн: 298 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.