НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн уулзалтаар тохиож байгаа бас нэгэн түүхэн үйл явдал нь тус эвсэл Черногори улсыг гишүүнээр элсүүлэхээр урьсан явдал байлаа. 2009 онд Серби, Албани улсыг эгнээндээ нэгтгэснээс хойш 6 жилийн дараа НАТО ийнхүү Зүүн Европоос дахин нэг шинэ гишүүн элсүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Черногори улс НАТО-д элсвэл Балканы хойгийн тогтвортой байдалд заналхийлнэ гэж үзэн, эсэргүүцэж байгаагаа ОХУ удаа дараа илэрхийлж байсан. Гэвч Оросын энэ илэрхий дургүйцлийг үл харгалзан НАТО тус улсыг гишүүнээр элсүүлэхээр урьжээ. Черногори 650 мянган хүн амтай, хоёр мянган идэвхтэй гишүүн бүхий цомхон цэрэг армитай улс. Тус улсыг өөрийн эгнээнд нэгтгэхийн ач холбогдол нь Орос НАТО-гийн эвслийн өргөжин тэлэлтийг хориглож чадахгүй гэдгийг харуулах зорилготой гэж зарим шинжээч тайлбарлаж байна.
Гэхдээ Черногори улсын ард иргэд НАТО-д элсэх тухайд хагаралдсан байр суурьтай байгаа юм. 1999 онд тус улс Югославын бүрэлдэхүүнд байхад өрнөсөн Косовогийн дайны үеэр НАТО Черногорийг бөмбөгдөж байсан гашуун түүх бий. Үүнээс гадна 2006 онд Черногори Сербиэс өрх тусгаарласнаас хойш Оростой хийх худалдаа болон жуулчдаас орох ашиг орлого эрс нэмэгдсэн юм. Гэхдээ тус улсын одоогийн засгийн газар сөрөг хүчний зарим нам эвслийн саналыг үл харгалзан энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулахгүй байх төлөвтэй байна.
| НАТО Черногори улсыг гишүүнээр элсүүлэхээр урив | ||
| Үзсэн: 267 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.