Парист Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 21 дэх удаагийн бага хурлын ажил хэргийн түвшний хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ удаагийн хурлыг даргалж байгаа Франц улс хэлэлцүүлгийн явцыг түргэвчлэх зорилгоор ажлын бүлгүүдийн төлөөлөгчидтэй уулзахаар болжээ.
Энэ бага хурлын гол зорилго нь одоо хэрэгжиж байгаа Киотогийн протоколыг орлож, 2020 оноос хэрэгжих шинэ суурь конвенцийг батлах явдал. Энэ талаар Парисын бага хурлын ажил хэргийн түвшний хэлэлцүүлэг 20 гаруй ажлын бүлгийн хүрээнд хуваагдан өрнөж байгаа юм. Гэхдээ улс орнуудын хооронд гарсан санал зөрүүтэй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд ахиц харагдахгүй хэвээр байна.
Тухайлбал, хөгжиж байгаа орнуудын хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгийн асуудал, хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын хүлээх үүрэг хариуцлага ялгаатай байх эсэх асуудлаар талууд санал зөрсөн хэвээр байна. Ийнхүү яриа хэлэлцээ удааширч байгааг харгалзан зарим ажлын хэсгийн төлөөлөгчид яриа хэлэлцээг төлөвлөсөн хугацаанаас сунгах санал тавьж эхэлжээ.
Харин Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиус хурлын өмнө талуудад уриалж байсанчлан, энэ бага хурлыг товлосон хугацаанд нь дуусгах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Иймээс тэрээр өнөөдөр ажлын бүлгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, шинэ суурь конвенцийн төслийг эцсийн байдлаар бэлэн болгох ажлыг түргэвчлэх арга замыг ярилцахаар болсон байна.
| Парисын бага хурлын яриа хэлэлцээ удааширч байна | ||
| Үзсэн: 227 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.