Умард Атлантын гэрээний байгууллага НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын хоёр өдрийн уулзалт өчигдөр өндөрлөлөө. Талууд сүүлийн өдрийн яриа хэлэлцээгээр цэрэг армийн үйл ажиллагааныхаа ил тод байдлыг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Энэ шийдвэр НАТО-гийн гишүүн Турк улс хилд нь нэвтэрсэн шалтгаанаар Оросын онгоцыг сөнөөсөн хэрэг явдалтай холбоотой гэж ажиглагчид тайлбарлаж байна. Энэ мэтээр цэрэг зэвсгийн хүч хэрэглэх нөхцөлд НАТО-гийн холбоотнууддаа мэдэгдэн, ил тод байх нь чухал гэж сайд нар үзжээ. Үүнээс гадна тус уулзалттай холбогдсон бас нэг анхаарал татсан асуудал бол НАТО Черногори улсыг гишүүнээр элсүүлэхээр урьсан явдал юм.
Орос энэ талаар эсэргүүцсэн байр сууриа удаа дараа илэрхийлсэн, мөн НАТО-гийн гишүүн Турк улс Оросын онгоцыг сөнөөсөнтэй холбогдон талуудын харилцаа хүйтрээд байгаа энэ үеэр НАТО энэ шийдвэрээ зарласан. Үүнийг Орос цагаа олоогүй шийдвэр гэж үзэн, хэрэв НАТО дорно зүгт тэлэх бодлогоо энэ мэтээр үргэлжлүүлбэл Оросын зүгээс хариу арга хэмжээ хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг анхааруулжээ. НАТО ийнхүү Черногорийг гишүүнээр элсүүлэхээр урьсан нь Сирид Исламын улс бүлэглэлийн эсрэг өргөн хүрээтэй эвсэл байгуулахад саад болох бас нэгэн хүчин зүйл болж магад гэж ажиглагчид дүгнэж байна.
| НАТО-гийн уулзалт өндөрлөв | ||
| Үзсэн: 393 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.