Шууд Chart

"Исламын улс" бүлэглэл Оросын тагнуулыг устгасан гэв

2015-12-03 16:39:00

Өчигдөр Исламын улс бүлэглэл дотроосоо Оросын тагнуулчийг илрүүлж, цаазалсан гэж мэдэгдэн, энэ явдлын дүрс бичлэгийг цахим сүлжээнд нийтэлжээ. Тус бичлэгийн үнэн бодитой эсэх, мөн бичлэг дээр гарч байгаа этгээд үнэхээр Оросын тагнуул мөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Бичлэгт Оросын тагнуулч гэх эрэгтэй өөрийгөө ОХУ-ын Холбооны Бүгд Найрамдах Чечень улсаас очсон, 23 настай, Магомед Хасиев гэж танилцуулсан байна. Тэрээр ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын товчооноос "Исламын улс" бүлэглэлд элссэн орос иргэд, ялангуяа чеченьчүүдийн талаар мэдээлэл цуглуулах, мөн Орост үйлдэхээр төлөвлөж байгаа халдлагуудыг тандах даалгавар авч, улмаар тус бүлэглэлд элссэн гэж ярьжээ.

Мөн Магомед Хасиев Исламын улс бүлэглэлийн төв байрладаг Сирийн Ракка хотод очихын тулд Оросоос Турк руу нисч, улмаар "Исламын улс" бүлэглэлд элсэгчдийг Туркаас тээвэрлэдэг этгээдээр дамжуулан Сирид нэвтэрсэн, ийнхүү "Исламын улс" бүлэглэлд нэгдсэнийхээ дараа Ирак, Сирид тус бүлэглэлийн үйл ажиллагааг тагнаж байсан гэдгээ энэхүү дүрс бичлэгт хүлээсэн байна.

Дүрс бичлэгийн төгсгөл хэсэгт "Исламын улс" бүлэглэлийнхэн Оросын тагнуулч гэж өөрийгөө хүлээсэн энэ эрэгтэйг хөнөөж, Оросын нутаг дэвсгэрт халдлага үйлдэнэ гэж дахин заналхийлсэн байна. Энэ дүрс бичлэгийг Сирийн Ракка хотоос холбогдож, цахим сүлжээнд байршуулсан гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Исламын улс" бүлэглэл Оросын тагнуулыг устгасан гэв  
Үзсэн: 535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй