АНУ-ын төрийн департамент "Исламын улс" бүлэглэлийн эсрэг интернэтийн кампанит ажлаа хумих боломжийг авч үзэж байна. “Вашингтон пост” сонинд мэдээлснээр бол, алан хядагчдын суртал ухуулгыг үр дүнтэй сөрөн зогсох АНУ-ын чадвар эргэлзээтэй байна гэж бие даасан шинжээчид үзсэн нь ийм шийдвэр гарахад нөлөөлжээ.
Зургаан шинжээчдээс бүрдсэн баг гурван долоо хоногийн туршид "Исламын улс" бүлэглэл болон америкийн эрх баригчдын интернэтийн сүлжээн дэх үйлдлүүдийг судалсан юм байна. Улмаар үзэл санаагаа сурталчлан таниулах тал дээр АНУ алан хядагчдад ялагдаж байна гэдэг дүгнэлтийг тус шинжээчдийн баг хийжээ. Энэ дүгнэлтээ тэд 100 хуудастай илтгэл хэлбэрээр нийтлүүлсэн байна.
Үүнээс үүдэн Төрийн департаментын төлөөлөгчид терроризмын эсрэг мэдээллийн тэмцэлд баримталж байгаа стратегийнхаа зарим нэг хэв маягийг эргэн харах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Мөн твиттер, фэйсбүк болон олон нийтийн бусад сүлжээнд “Исламын улс”-ын нэр хүндийг унагах зорилготой нийтлэлийнхээ тоог цөөрүүлж болох юм мэдэгджээ.
Мэдээллийн салбарт АНУ-ын хийж байгаа тэмцэл явуур муутай байгаа нь юун түрүүнд хилийн чанад дах мусульман шашинтнууд АНУ-д итгэдэггүйтэй холбоотой. Нөгөө талаар, төрөөс хэрэгжүүлдэг уг хөтөлбөр "Исламын улс" бүлэглэлд элсэгчдийн урсгалыг бууруулахад тус нэмэр болж байгаа гэх баримт нотолгоо хангалтгүй байдаг байна. Иймээс америкийн эрх баригчид шаардлагатай үр дүнд хүргэх сэдэв чиглэлүүдэд илүүтэй төвлөрөх нь зүйтэй гэж төрийн департамент үзлээ.
Тухайлбал “Исламын улс” бүлэглэлээс оргон зугтсан хүмүүсийн талаар түлхүү мэдээлдэг болоход анхаарах юм байна. Энэ ч үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй энэ чиглэлд хамтран ажиллах нь илүү үр өгөөжөө өгнө гэж Төрийн департаментын албаныхан үзэж байна.
| АНУ "Исламын улс" бүлэглэлийн эсрэг интернэтийн кампанит ажлаа хумиж болзошгүй | ||
| Үзсэн: 1483 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.