Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрхийг хүндэтгэх зорилгоор 1992 оноос эхлэн энэ өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Энэ жилийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай мэдээлэл, статистикийг тодорхой болгох, харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцааг өргөжүүлэх, хот, дүүргүүдийн тохижилтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохижуулах тухай сэдвийг хөндөж байна. Энэ өдөртэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зарим тоон мэдээг танилцуулъя.
НҮБ-ын судалгаагаар дэлхийн нийт хүн амын 15 хувь буюу 1 тэрбум гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна. Эдгээр хүний 8 хувь нь өндөр хөгжилтэй орнуудад, 92 хувь нь буурай орнуудад амьдардаг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийт 25 хувь нь хөдөлмөр эрхэлдэг ажээ. Хөгжингүй орнуудын хөдөлмөрийн насны, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 40-50 хувь нь ажил эрхэлдэг бол хөгжиж буй орнуудад энэ хувь хэмжээ 10-20 хувьтай байна.
Дэлхий даяарх хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 8 хувь нь дээд боловсрол эзэмшсэн байдаг. Харин хөгжил буурай оронд амьдардаг хүүхдүүдийн 7 хувь нь сургуульд сурдаг юм байна. Эдийн засгийн чадавх муу, тэдэнд зориулсан тусгай ширээ, сандал дутмаг байдгаас гадна эцэг, эхчүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хамт сургах дургүй байдаг учир хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургууль завсардахад хүрдэг ажээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хүчирхийлэлд өртөх магадлал жирийн хүүхэдтэй харьцуулахад 1.7 дахин их байдаг байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо улам нэмэгдэж байна. 1970 онд дэлхийн хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байсан бод одоо 15 хувьд хүрсэн гэж ЮНИСЕФ-ийн тайланд тусгажээ. Дэлхийн хүн амын өндөр настны тоо нэмэгдэж, архаг өвчний тархалт хүрээгээ тэлж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэх гол шалтгаан болж байгаагийн зэрэгцээ сүүлийн үед дайн, зэвсэгт мөргөлдөөний уршгаар олон мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, хохирч үлдэж байна.
| Зэвсэгт мөргөлдөөн олон мянган хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгож байна | ||
| Үзсэн: 422 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.