Шууд Chart

ОХУ Туркт хориг тавьсан ч терроризмын эсрэг хамтдаа тэмцэнэ

2015-12-04 10:32:23

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлал ёсоор улс орныхоо дотоод гадаад бодлого, улс орноо хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон илгээлтээ холбооны хуралд сонордууллаа. Энэ нь Оросын орчин үеийн түүхэн дэх 22 дахь удаагийнх бол Ерөнхийлөгч Путины хувьд 12 дахь удаагийн илгээлт юм. Тэрбээр Сирид цэргийн ажиллагаанд оролцож байгаа агаарын цэргийн хүчнийхэндээ талархлаа илэрхийлэн, Сирид амь үрэгдсэн нисгэгчийнхээ дусргалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураасны дараа илгээлтээ эхлүүлсэн юм.

ОХУ-ын төрийн тэргүүний уламжлалт илгээлтийн гол агуулга нь аюулгүй байдал, эдийн засгийн асуудал байлаа. Нэн тэргүүнд ОХУ терроризм үүрлэх боломжийг олгохгүй, Орос улс терроризмын эсрэг тэмцэлд хариуцлага үүрч, тэргүүлэгч гэдгээ харуулж байна. Харин дан ганц улс терроризмтой тэмцээд амжилт олохгүй. Сири улсад алан хядагчдын талд ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж байгаа Орос иргэд аюулгүй байдалд эрсдэл дагуулж байна гэдгийг тэмдэглэлээ.

Харин Туркийн хувьд тэрбээр “Турк улс алан хядагчдыг санхүүжүүлж байгааг мэднэ. Туркийн элитүүд Орос нисгэгчийн үхэлд буруутай. Тэд үүндээ харамсаж байгаа. Үүнийг Оросын ард түмэн хэзээ ч мартахгүй. Бид Турк улсад эдийн засгийн хориг тавиад өнгөрөхгүй. Гэхдээ Орос улс Турк улстай цэргийн хүчээр тэмцэхгүй. Харин ОХУ байлдааны бэлэн байдлаа улам сайжруулах болно. Турктай бизнесийн харилцаагаа тасаллаа ч терроризмын эсрэг тэмцэлд хамтрах болно. Харин ОХУ алан хядагчидтай ямар ч нөхцөлд бизнес хийхгүй.

Эдийн засгийн хувьд Оросын эдийн засгийн орчин хүнд байгаа. Гэхдээ тийм ч ноцтой түвшинд биш. Орос улс дэлхийн зах зээл дээр ялагч, Экспортын зах зээл дээр гол тоглогч нь байх боломжтой. ОХУ 2020 он гэхэд хүнсний импортын бүтээгдэхүүнээс 100 хувь хараат бус болно. Импортыг орлох үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудын татварыг тэглэнэ. Газрын тосны ханш өсөхийг хүлээгээд зүгээр суухгүй. Нэг үгээр бол, татвараа нэмэхгүй, төсвийн алдагдлаа хувьд барьж, Оросын компаниуддаа дэмжлэг үзүүлэх зорилтыг тавьж байна.

Орос улсад авлига, хээл хахууль улс орны хөгжил дэвшил, нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлж байна. Алс дорнодод залуучуудыг ажиллуулахад илүү ихийг хийх ёстой. Орос улс экологийн цэвэр хүнсээр дэлхийн зах зээлийг хангаж чадна. Оросын Засгийн газар бизнесийн орчноо сайжруулахад анхаарах цаг болсон. Аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах сангийн хөрөнгийг 20 тэрбум рублиэр нэмэгдүүлж, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдгээ Оросын төрийн тэргүүн илгээлтдээ онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Туркт хориг тавьсан ч терроризмын эсрэг хамтдаа тэмцэнэ  
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй