Өнөөдөр Германы парламент Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх эсэх асуудлаар санал хураана. Парисын халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн тус бүлэглэлийн эсрэг тэмцэх хүч чармайлтаа нэмэгдүүлнэ гэдгээ Германы канцлер Ангела Меркел Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай өнгөрсөн долоо хоногт уулзах явцдаа амласан юм.
Энэ хүрээнд Герман улс Сирид "Исламын улс" бүлэглэлийн эсрэг явуулж байгаа агаарын цэргийн ажиллагаанд баг бүрэлдэхүүнээ илгээх төлөвлөгөөг боловсруулж, тус улсын засгийн газар баталсан. Харин өнөөдөр болох санал хураалтаар Германы парламентын гишүүдийн олонх нь 134 сая еврогийн өртөг бүхий энэ төлөвлөгөөг дэмжинэ гэж ажиглагчид дүгнэж байна. Ингэсэн нөхцөлд тус улс тагнуулын мэдээлэл цуглуулах болон Францын онгоцуудыг түлшээр цэнэглэх үүрэгтэй нисэх онгоцууд, 1,200 гаруй цэргээ Сирид нэг жилийн хугацаатай илгээх юм.
Үүнээс гадна Герман улс Францын нисэх онгоц тээгч Шарль де Голль хөлөг онгоцыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх байлдааны хөлөг онгоцоо Газар дундын тэнгист байршуулах юм байна. Эдгээр баг бүрэлдэхүүн Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагаанд оролцохгүй, харин Франц болон эвслийн орнууд агаарын цэргийн ажиллагаагаа амжилттай явуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээх юм.
| Германы парламент санал хураана | ||
| Үзсэн: 1066 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.