Шууд Chart

Грек Европын холбооноос дэмжлэг хүсэв

2015-12-05 11:55:01

Европын холбооны гишүүн Македон улс хоёр долоо хоногийн өмнөөс эхлэн зөвхөн Ойрхи Дорнодын орнууд болон Афганистаны дүрвэгчдийг хилээрээ нэвтрүүлж, харин дайн хямралд өртөөгүй бүс нутгаас очсон цагаач дүрвэгчдийг буцааж байгаа. Үүнээс үүдэлтэйгээр тус улстай залгаа Грекийн хил дээр цугларсан цагаач дүрвэгчийн тоо нэмэгдсээр таван мянгад хүрчээ.

Эдгээр цагаач дүрвэгч Македони улс руу нэвтрэхээр жагсаал тэмцэл өрнүүлж, зарим үед цагдаа нартай мөргөлдөөн үүсгэж байна. Өчигдөр болсон мөргөлдөөний үеэр Мароккогоос очсон цагаач галт тэрэгний дээвэр лүү авирч байгаад, өндөр хүчдэлд цохиулж, нас баржээ. Ийнхүү хил дээр нь үүссэн хүндхэн нөхцөл байдлыг харгалзан Грек улс Европын холбооноос хилийн хяналтаа чангаруулахад дэмжлэг хүслээ.

Энэ хүсэлтийг Европын холбооны улс орнууд сайшаалтай хүлээж авсан байна. Ингэснээр Европын холбооны хилийн Фронтекс агентлагийнхан Грекийн хил дээр очсон цагаач дүрвэгчдийг бүртгэхэд туслалцаа үзүүлэхээр боллоо. Өнөөдөр Европын холбооны гишүүн орны дотоод хэргийн сайд нар уулзаж, Грек улс цагаач дүрвэгчдийн цувааг дангаараа хязгаарлах, хянах чадамжтай эсэхийг хэлэлцэнэ.

Грек дүрвэгсдийн урсгалыг хязгаарлах болон хилийн хяналтаа сайжруулах дорвитой арга алхам хэрэгжүүлэхгүй байна гэж үзэн, улмаар тус улсыг Шенгений бүсээс түр хасах албан бус санал гарч эхэлснийг Ройтерс агентлаг өчигдөр уламжилсан. Эдгээр дарамт шахалтаас үүдэлтэйгээр Грек Европын холбооны хилийн Фронтекс агентлагаас тусламж хүссэн болов уу гэж зарим ажиглагч үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грек Европын холбооноос дэмжлэг хүсэв  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй