Шууд Chart

Герман улс Сири дэх агаарын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ

2015-12-06 08:39:39

Германы парламентын доод танхим Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх эсэх асуудлаар Баасан гарагт санал хураажээ. Санал хураалтад нийт 598 хууль тогтоогч оролцсоноос 445 нь дэмжиж, 146 нь эсрэг санал хураалгаснаар 134 сая еврогийн өртөг бүхий энэ төлөвлөгөө батлагдсан байна.

Парисын халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэх олон улсын нэгдсэн эвсэл байгуулахаар Францын ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн долоо хоногт томоохон улс орнуудын удирдагчид, түүний дотор Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Германы канцлер Ангела Меркел нартай яриа хэлэлцээ хийсэн. Энэ хүрээнд Лхагва гарагт Их Британи улсын парламентын доод танхим Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд нэгдэхийг дэмжиж, улмаар тус улсын нисэх онгоцууд тус бүлэглэлийн байршилд агаараас цохилт өгч эхлээд байгаа юм.

Үүний араас Герман улс тус агаарын цэргийн ажиллагаанд нэг жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг ийнхүү баталлаа. Гэхдээ одоо дайчлагдах 1,200 гаруй цэрэг бүхий баг бүрэлдэхүүн нь байлдааны ажиллагаанд оролцохгүй. Харин “Торнадо” загварын зургаан онгоц нь Сирийн нутаг дэвсгэрт тандалт хийн, тагнуулын мэдээлэл цуглуулах бол, бас нэг онгоц нь Францын онгоцуудыг агаарт түлшээр цэнэглэх үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна Францын нисэх онгоц тээвэрлэгч "Шарль де Голль" хөлөг онгоцыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Герман улс Газар дундын тэнгист байлдааны хөлөг онгоц байрлуулах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Герман улс Сири дэх агаарын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй