2000 оноос хойш гурван жил тутам зохиогдож байгаа Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт өнгөрсөн баасан гарагт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Йоханнесбург хотноо болсон. Чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин Африк тивд ирэх 3 жилд 60 тэрбум америк долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Хятад улс 2006 оноос хойш Африкийн орнуудад өгөх зээл тусламжийн хэмжээгээ эрс нэмэгдүүлсэн. Тухайлбал, 2006 онд таван тэрбум, 2009 онд 10 тэрбум, 2012 онд 20 тэрбум америк долларын Засгийн газрын болон хүүгүй зээл олгож байжээ. Харин энэ удаа үйлдвэр, дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг 10 салбарт 60 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийхээр болж байна. Түүнчлэн энэ оны сүүлчээр Африкийн зарим буурай орны өрийг цуцлахаар болсон гэдгээ Си Зиньпин цохон тэмдэглэлээ.
Түүнчлэн 200 мянган инженер-техникчийг Хятад болон бусад гадаад оронд сургана гэж мэдэгдсэн. Эдгээр хөрөнгө оруулалт нь хоёр талд харилцан ашигтай төдийгүй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болж байгааг талууд онцолж байна. Үүний зэрэгцээ Си Зиньпин “Африк тив асуудлаа өөрсдийн аргаар шийдэж, эцсийн шийдвэрээ өөрсдөө гаргах хэрэгтэй. Энэ шийдвэрийг Хятад улс үргэлж дэмжих болно” гэсэн байна. Хятадын даргын энэ үгийг олон улсын шинжээчид “Африк тив дэх Хятадын хөрөнгө оруулалт хэчнээн нэмэгдсэн ч Хятад улс дотоод асуудалд нь оролцохгүй” гэсэн агуулгатай хэмээн тайлбарлаж байна.
| БНХАУ Африкт 60 сая ам.долларын тусламж амлав | ||
| Үзсэн: 302 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.