Шууд Chart

Улаангомд "Гудамж" төсөл хэрэгжлээ

2015-12-07 16:47:37

Сүүлийн гурван жил үргэлжилж байгаа “Гудамж” төслийг Улаанбаатар хотоос гадна гурван аймагт хэрэгжүүлсэн. Архангай, Хэнтий, Увс аймагт төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Тэгвэл энэ гурван аймгаас Улаангом хот хамгийн түрүүнд "Гудамж" төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаа дуусгаж, хүлээн авчээ.

Увс аймгийн хувьд "Гудамж" төслийн хүрээнд 7 метр өргөн 10.5 км авто зам, 4 эгнээ 14 метр өргөн 8 уулзвар, аюулгүйн тойрог бүхий 2.1 км зам, 14.5 км явган хүний зам, 2.1 км дугуйн зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, газар доорх инженерийн байгууламж бүхий цогц бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгсөн байна. Энэ төсөл Баруун болон зүүн төвийн бүсийн гурван аймагт хэрэгжиж, хамгийн анхных нь ийнхүү Улаангом хотод нээлтээ хийлээ.

УИХ-ын нэгдсэн чуулган дээр "Гудамж" төслийн талаар зарим гишүүн янз бүрийн мэдээлэл хийсэн. Үр ашиг багатай хөрөнгө мөнгө үргүй зарцуулсан гэх уг ярианд төслийн нээлтэд оролцсон УИХ-ын дарга "Гудамж" төслийг сайнаар дүгнэлээ.

Улаангом хот 30 орчим мянган хүн амтай. Суурьшил нэмэгдэж байгаа энэ үед гудамж талбайгаа тэлэх, анхнаас нь зөв төлөвлөх шаардлага гарч байгаа юм. Нийт 15 аймгаас уралдаан зарлаж, материал хүлээн авсан. Үүнээс Увс, Хэнтий, Архангай аймаг шалгарч, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлсэн юм байна. Гэхдээ уг төслийн нийт санхүүжилт хийгдээгүй учраас гүйцэтгэгч компаниуд өөрийн хөрөнгөөр ажлаа хийж дуусгажээ.

Хөдөөгийн шинэ хот төлөвлөлтийг Улаангомчууд түүчээллээ гэдгийг аймгийн удирдлагууд онцлоод, газар чөлөөлөлтөөс эхлээд л Улаангомчууд маш сайн дэмжсэн, бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн иргэд өөрсдөө ч идэвхтэй оролцож байсныг  тодотгосон юм. Увс аймгийн төвөөс Завхан аймгийн чиглэлд одоогооор 150 орчим км хатуу хучилттай авто зам ашиглалтад ороод байна. Ингэснээр Улаанбаатараас Увс аймаг хүртэлх 1400 орчим км замын 1050 орчим нь хатуу хучилттай болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улаангомд "Гудамж" төсөл хэрэгжлээ  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй