Шууд Chart

АНУ терроризмын эсрэг аюулгүй байдлаа чангатгана

2015-12-08 09:12:47

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 14 хүний амь насанд хүрсэн Сан Бернардиногийн халдлагатай холбогдуулан Цагаан ордны Зууван танхимд ард түмэндээ хандаж, илгээлт өгчээ. Тэрбээр Калифорнид болсон халдлага гэм зэмгүй хүмүүсийг хөнөөх зорилготой “алан хядах ажиллагаа” байсан. Иймд АНУ цаашид терроризмын эсрэг аюулгүй байдлаа чангатгах шаардлагатай тулгарлаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Калифорнид эрэгтэй, эмэгтэй хоёр хүн 14 энгийн иргэнийг хөнөөсөн халдлага болсон. Энэ хэргийн хоёр сэжигтэн шашны хэт тулгуур үзэлд нэвт шингэсэн гэдэг нь тодорхой байна. "Исламын улс" бүлэглэлийн шашны тулгуур үзэл санааг хөхиүлэн дэмжих ажиллагаа маш идэвхтэй, үр дүнтэй тэлж байна гэдгийг АНУ-ын Засгийн газар хүлээн зөвшөөрч байна.

Үүний зэрэгцээ Вашингтон АНУ-д визгүй зорчдог орнуудын иргэдийг хянах, шалгах хилийн хяналтыг чангатгахаар төлөвлөж байна. Цаашид АНУ "Исламын улс" бүлэглэлийг дарахын тулд Ирак, Сирийн хуурай замын цэргийг богино хугацаанд сургах, мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алан хядагчдын талаарх мэдээллийг цуглуулах зэрэг аюулгүй байдлын арга хэмжээ авна гэдгийг Ерөнхийлөгч Обама нотоллоо.

Гэхдээ АНУ Ирак, Сирид өртөг өндөртэй дайны ажиллагаа тэр дундаа явган цэргийн хүчийг ашиглахгүй гэсэн байр суурьтай байна. Харин Америкийн зарим иргэн АНУ терроризмын эсрэг ялангуяа "Исламын улс" бүлэглэлтэй тэмцэх шинэ стратегигүй байна гэж Обамагийн Засгийн газрыг шүүмжлэх хандлагатай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ терроризмын эсрэг аюулгүй байдлаа чангатгана  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй