Ням гарагт болсон Францын орон нутгийн сонгуулиар хэт барууны үзэлтэй Үндэсний Фронт нам бусад намуудаас давуу санал авч, өмнө нь гаргаж байгаагүй амжилтыг үзүүлжээ. Гэхдээ Францын улс төрийн аль ч нам эвсэл 17 мужид болсон сонгуулиар олонхийн санал авч чадаагүй учраас ирэх ням гарагт хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулахаар болсон байна.
Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр тоологдсон саналын 98 хувийн дүнгээр цагаачлалын эсрэг хатуу бодлого барьдаг, хэт барууны чиглэлийн Үндэсний Фронт нам нийт саналын 28 хувийг авсан байна. Бүс нутгийн энэхүү сонгуульд Ерөнхийлөгч асан Никола Саркозигийн Баруун төвийн бүгд найрамдах нам 27 хувийн санал авчээ. Харин Ерөнхийлөгч Франсуа Олландын зүүн жигүүрийн эвсэл нийт саналын 23 хувийг авсан байна.
Үндэсний фронт нам Францын 17 мужийн зөвхөн зургаад нь ялалт байгуулж, бусад намаас саналын тоогоор тэргүүлсэн нь улс төрийн тавцанд нөлөөтэй байгаагүй жижиг намын хувьд том амжилт гэж шинжээчид харж байна. Францад саяхан террорист халдлага болж, олон нийт цочролоос гараагүй байгаа ийм үед цагаачлалын эсрэг бодлого баримталдаг хэт барууны үзэлтэй нам ард түмний сэтгэл зүй дээр тоглолт хийж, ялалтад хүрлээ гэж улс төр судлаачид дүгнэж байгаа юм байна. Гэхдээ одоо хоёр дахь шатны санал хураалт эдгээр намын аль нь бүс нутагт олонх болохыг шийднэ.
Хэрвээ Үндэсний фронт нам мужийн сонгуулийн сүүлийн шатанд 40-өөс дээш хувийн санал авбал парламентын дараагийн сонгуульд улс төрийн нөлөө бүхий нам болж гарч ирнэ. Энэ удаагийн орон нутгийн сонгууль 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан, улс төрийн намуудын чансааг харуулсан сонгууль юм.
| Францын орон нутгийн сонгуульд жижиг нам тэргүүлж байна | ||
| Үзсэн: 239 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.