Өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Одоогоор өвөлжилт хүндэрсэн аймаг сум байхгүй. Гэхдээ 12 дугаар сард цаг хүндэрч магадгүй гэсэн болгоомжлол малчдад байгаа тул малаа мах болгон борлуулах сонирхол өндөр байдаг. Гэтэл энэ жилийн хувьд мал, махны үнэ харьцангуй хямд ч борлуулалт тааруухан байна. Иймд өмнө тоцоолж байснаас олон толгой мал буюу отроор өвөлжих өрхийн тоо 2.2 мянга, малын тоо 1.5 сая толгойгоор нэмэгдэж байгаатай холбогдуулан отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газраас үүрэг болголоо.
12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр эрсдэл ихтэй байгаа нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх ба цас ихэнх нутагт дунджийн орчим, зарим газраар ахиу орохоор байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байна. Энэ жилийн хувьд цас их орсон тохиолдолд малчин өрх айл мал сүргээ 3 хоног бэлчээрт гаргалгүй тэжээх, мөн сум болно аймгийн өвс тэжээлийн нөөцөөр тус бүр гурав хоног гэж үзвэл нийлээд 9 хоног тэжээх хэмжээний нөөцтэй байх ёстой. Хадлан тэжээлээс гадна энэ жил зуд болж магадгүй гэх үүднээс хивэгний экспортыг есдүгээр сарын нэгнээс гуравдугаар сарын 30 хүртэл түр хугацаагаар зогсоож, нэг тонныг нь 300 мянган төгрөгөөс 330 мянган төгрөгөөр борлуулж байна. Өнгөрсөн зун төвийн бүсийн аймгуудаар гантай байж хадлан тэжээл дорвитой бэлтгэж чадаагүй аймаг, сумдын хувьд отрын бэлчээрийн зохицуулалт хийгээд байна. Энэ жил нийтдээ 56 сая толгой мал өвөлжинө. Гэтэл ихэнх аймагт бэлчээрийн даац хэтрээд байгаа. Дотоодын махны хэрэгцээний борлуулалт явж байгаа ч ийм олон толгой малтай тохиолдолд экспортод түлхүү гаргах хэрэгтэй байна. Гэтэл мах боловсруулах үйлдвэрүүд хөрөнгө мөнгөний боломжгүй гэдэг шалтгаанаар махаа бэлтгэж чадахгүй байна. Иймд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээл олгох асуудлыг ч судалж эхэлжээ.
Улсын хэмжээнд нийт сумын 40 хувьд өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх эрсдэлтэй байгааг тооцон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлэн байдлыг хангах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох яам, агентлаг, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн өвлийн улиралд учирч болох эрсдлийг урьдчилан тооцоолж, бэлтгэлтэй байх үүднээс олон улсын донор байгууллагуудтай байнга мэдээлэл солилцон хамтран ажиллахаас гадна энэ 12 дугаар сарын есөнд хоёр дахь шатны үнэлгээний багаа манай улсад ирүүлэхээр болсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Малчид малаа мах болгон борлуулах сонирхолтой байна | ||
| Үзсэн: 382 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.