“Исламын улс” бүлэглэлийнхэн цаашдын алан хядах ажиллагаандаа үй олноор хөнөөх зэвсэг ашиглахын тулд химич, физикч, програмчдыг эгнээндээ элсүүлэх болсон байна. Германы “Ди Вельт” сонин Европын парламентын шинэ тайлан илтгэлээс иш татан энэ тухай мэдээлжээ.
Тус илтгэлд мөн үй олноор хөнөөх зэвсэг хийхэд ашиглагддаг аюулт бодисуудыг аль хэдийнэ Европын Холбоонд нууцаар аваачсан байж магадгүй талаар дурдсан байна. Түүнээс гадна Европын Холбооны нутагт ийм бодисууд хулгайлагдсан, алга болсон зуу гаруйгаар тоологдох тохиолдол гарч байсныг шинжээчид дурдаж, алан хядагч байгууллагууд тэдгээрийг гартаа оруулсан байх вий гэдэгт болгоомжилж байгаагаа илэрхийлжээ. Хамгийн их аюул тарих бодисууд бол зарин хий, рицин хэмээх хор, мөн боомын нян гэж Европын шинжээчид үзэж байна.
Үүнээс үүдэн Европын парламент Сириэс эргэж ирсэн, эсвэл хэт үзэлд автах магадлалтай, ялангуяа шинжлэх ухааны аюултай салбаруудад хамааралтай хүмүүст онцгой анхаарал хандуулахыг Европын орнуудын Засгийн газруудад зөвлөмж болгоод байна. “Исламын улс” бүлэглэлийн дайтагчид химийн зэвсэг боловсруулж байгаа талаар “Ассошиэйтэд пресс” агентлагийн сэтгүүлчид урьд нь мэдээлж байснаас гадна алан хядагчид хими, биологийн зэвсэг ашиглах аюулын талаар Францын Ерөнхий сайд Мануэль Вальс өнгөрсөн сард сэрэмжлүүлж байсан юм.
Тэгээд ч “Исламын улс” бүлэглэлийг химийн зэвсэгтэй гэж үзэх үндэс бий. Учир нь тус бүлэглэлийнхнийг Сирийн Мареа хотод, мөн Ирак дахь курдуудын эсрэг дайралтандаа химийн зэвсэг ашигласан талаар хэвлэлүүд урьд нь мэдээлж байсан юм.
| "Исламын улс" бүлэглэл үй олноор хөнөөх зэвсэг ашиглаж магадгүй | ||
| Үзсэн: 2541 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.