![](/uploads/201512/news/thumb/8e7592c9662857d874f78b64f29b4141_x3.jpg)
Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 61 жилийн ой, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ойн хүрээнд Ханой дахь Элчин сайдын яам Монгол Улсаа сурталчлах соёл урлагийн нэгдсэн арга хэмжээг 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулав.
Энэ хүрээнд, Вьетнамын An Vien телевизээр “Монголын соёлын долоон хоног”-ийг бэлтгэн нэвтрүүлээ. Элчин сайд Д.Энхбат телевиз үзэгчдэд хандан мэндчилгээ дэвшүүлж, монголын ард түмний өв уламжлал, зан заншил, орчин цагийн Монгол Улсын хөгжлийг харуулсан “Хөх толбот хүмүүс”, “Кино шиг амьдрал”, “Тютю”, “Дүүлэн нис” зэрэг уран сайхны кино, “Монгол”, “Монголд тавтай морил”, “Болжмор”, “Нүүдэлчин соёл” зэрэг баримтат кино, богино хэмжээний танилцуулга, концерт, дуу хөгжмийн 50 орчим бүтээлийг вьетнам хэлээр хадмал болон дуун орчуулгатайгаар үзэгчдийн хүртээл болгов.
Мөн “Авьяаслаг Азиуд” уралдааны дэд байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагийн айлчлан тоглолтыг БНСВУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран 12 дугаар сарын 4-ний өдөр Ханой хотын Ажилчдын театрт амжилттай зохион байгуулж, монголын язгуур урлаг- хөөмий, төмөр хуур, хархираа, уран нугаралтын үзүүлбэрээс сонирхуулсныг үзэгчид нэн өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авлаа. Вьетнамын VTV-1 телевиз, богино долгионы 3 радиогоор тус тоглолтын хэсгээс толилуулав. Тоглолтыг Вьетнамын төр, засгийн байгууллагын удирдлагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, хэвлэл мэдээллийн байгууллага, Вьетнамд суралцагч оюутан залуус, ЭСЯ-тай хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүс нийт 300 гаруй хүн үзэж, тоглолтын төгсгөлд дурсгалын зураг татуулав.
Энэ удаагийн соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ГХЯ-ны ГСМГ-ын хамт олон, “Хөсөгтөн” хамтлаг, МҮОНТ, NTV телевиз, ДОЗ энтертайнмент, Юнивишн групп, “Travel Mongolia” ХХК, “Art Ger” студид тус ЭСЯ-наас талархал илэрхийлж байна.
Вьетнамд Монгол Улсаа сурталчиллаа | ||
Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.