Шууд Chart

Ж.Бямбадорж: Хүний эрхийн Үндэсний Комисст ирж байгаа өргөдөл бүрийг шийдэхийг хичээдэг

2015-12-10 15:19:08

НҮБ 1950 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг олон улсын Хүний эрхийн өдөр болгон тунхагласан байдаг. Энэ өдрийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-Энэ жил Хүний эрхийн Үндэсний Комисст 600 гаруй өргөдөл, гомдол иржээ. Өргөдлүүд дунд уушгины өвчтэй хүнийг буруу оношилсноос болоод амь нас нь хохирох дээрээ тулаад байна гэх гомдол байсан?

-Ирж байгаа гомдол дунд цаг алдалгүй шийдэж болох, эсвэл тодорхой хугацаа шаардах гээд олон л янзын гомдол ирдэг юм. Манай улсад болж байгаа таарамжгүй бүхий л үйл ажиллагааны талаарх мэдээлэл Хүний эрхийн Үндэсний Комисст ирдгийн нэг нь энэ жишээ.

Энэ иргэн бие нь өвдөхөөр эхлээд Эрүүл мэндийн 7 дугаар төв дээр очсон байгаа юм. Энэ төвийн эмч нар сүрьеэ гэж оношлоод тав, зургаан сар сүрьеэгийн эмчилгээ хийсэн. Тэгээд өвчин нь бүр даамжраад байхаар нь Хавдар судлал дээр очиж. Тэнд очиход нь бас их чирэгдэлтэй байсан гэдгийг бичсэн байсан. Тэгээд хавдар гэсэн онош тавигдсан. Тэр хооронд нь Улаанбаатар хотод байгаа гадна, дотны эмнэлгүүдээр нэлээд явсан. Үүнийхээ дараа хавдрыг нь Хятадад эмчлэх боломжтой гэсэн болохоор нь ах дүү, төрөл төрөгсөд нь туслаад бүх юмаа зараад Хятад руу эмчилгээнд явсан байгаа юм. Гэтэл өвчнийхөө сүүлийн шатанд орчихсон, эмчлэх боломжгүй гэж хэлсэн гэсэн. Хятад эмч нар анхных нь зургийг манай тосгоны эмч хараад л хавдар байна гэж оношилно. Тэгж байхад танай эмч нар яагаад буруу оношилсон юм бэ гэж асуусан гэсэн. Тэгээд ирснийхээ дараа Эрүүл мэндийн 7 дугаар төв, Хавдар судлалын төв болон Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагуудыг хариуцагчаар татаад өөрт учирсан 70 гаруй сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд гомдол гаргасан. Гэтэл шүүх 10 орчим сая төгрөгийн хохирлыг барагдуулаад бусдыг нь орхичихсон. Өнөөдөр энэ хүн сард 3-3.5 сая төгрөгийн эм тариа хэрэглэдэг, биеийн байдал нь их хүндэрчихсэн байгаа. Хүнийг ийм л байдалтай болгож байгаа байхгүй юу. Бид энэ гомдолд онцгой анхаарч байгаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөн нэхэмжлэл гаргах шийдвэр гаргаад ажиллаж байна.

-Нийгэмд ил болчихсон хэрнээ танайд албан ёсоор гомдол ирээгүй хэргийг хэрхэн шийддэг вэ. Тухайлбал, хэд хоногийн өмнө цэцэрлэгийн багш нь 3 настай хүүхдийг хоолоо идээгүйнх нь төлөө зодсон бичлэг олон нийтэд цацагдсан. Эцэг, эх нь албан ёсоор гомдол гаргаагүй байгаа ч танай байгууллага энэ хэрэгт ямар арга хэмжээ авах вэ?

-Ийм нөхцөл байдалд бид гомдол гаргаагүй ч гэсэн анхаардаг. УИХ-д тодорхой илтгэл явуулахдаа хүүхдийн эрхийн асуудлаар судалгаа, хяналт, шалгалт хийхэд ашигладаг учраас бид үүнийг анхааралтай ашигладаг.

-Гомдол гаргасан иргэдийн хэргийг шийдвэрлэх явц хэр байдаг вэ?

-Гомдлын шаардлагыг биелүүлэх нь нэг ойлголт. Гомдлыг шийдвэрлэх гэдэг хоёр дахь ойлголт. Бид хууль тогтоомжинд заасны дагуу аль болох түргэн шуурхай шийдвэрлэхийг боддог. Ер нь бол иргэдийн гомдлыг аль болох шийдвэрлэдэг. Харин заримдаа иргэдээс ирсэн зодуулсан, дарамталсан, дарамталж байж гарын үсэг зуруулсан гэх мэт гомдлыг цааш нь явуулаад шийдэх гэхээр нотлогдохгүй байна гэдэг. Иймэрхүү тохиолдол бол бий.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ж.Бямбадорж: Хүний эрхийн Үндэсний Комисст ирж байгаа өргөдөл бүрийг шийдэхийг хичээдэг  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй