Завхан аймгийн нийт нутаг зундаа гандуу байснаас өвөлжилт хүндэрч болзошгүй тул зарим сумын малчид отор нүүдэлдээ гарч эхэлжээ. Говийн бүс нутаг руугаа бог мал голдуу оторлож байгаа бол бод мал хойд талын хангай нутаг руугаа оторлож буй юм байна. Завхан аймгийн Сонгино, Цэцэн-Уул сумын адуучид сайн өдрийг харж хоёр талаасаа цуглан өнөөдөр оторт гарчээ. Адууг өвлийн улиралд алсын оторт гаргах нь зун, намар авсан тарга хүчийг тогтоох, эцээж тураалгүй онд мэнд оруулах зорилготой. Өвлийн бэлчээр нөхөгдөн сэргэдэггүй, дахин ашиглагддаггүй учир бог малын хөл хүрэхгүй алсын оторт адуучид хэсэг бүлгээрээ нийлж гардаг юм.
Цаг хүндэрч болзошгүй хэмээн адуучид нийлж оторт явж байгаа ч хуучны хашир туршлагатай малчид адууг жил бүр дор хаяж 90 орчим хоног алсын оторт явж байхыг зөвлөдөг. Бог малын бэлчээрээс хол, угаас урт хөлийн мал учраас алс оторлох тусам адуу өгнө зүс, тарга хүч нэмдэг учиртай.
Завхан аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байна. Гэхдээ олон жилийн дунджаас их биш, нөгөө талдаа хүйтний эрч ч гайгүй учраас өвөлдөө цаг өнтэй байх болов уу гэж малчид ярьж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Адууг жил бүр дор хаяж 90 орчим хоног алсын оторт явуулахыг зөвлөдөг | ||
| Үзсэн: 1201 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.