Монголын эрдэмтэд эх орондоо ургадаг 60 төрлийн ургамлыг судлан ноосон эдлэлийн эко будаг гарган авчээ. Энэхүү будгийг ашиглан жижиг, дунд зарим үйлдвэрүүд ноос, ноолууран бүтээгдэхүүнээ будаж, өндөр үр дүнтэй болох нь туршилтаар батлагдсан байна. Тиймээс мэдлэг шингэсэн энэхүү нээлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын инновацийг дэмжих нийгэмлэгээс 7 сая вонын өртөг бүхий шинэ лаборатори суурилуулж өглөө.

Эко будгаар будсан ноос, ноолууран бүтээгдэхүүн тансаг зэрэглэлд багтана
Уг ноосны будгийг халгай, гишүүн, ганга зэрэг манай оронд өргөн тархсан ургамлын ханднаас гарган авчээ. Байгалийн гаралтай энэ будгаар будсан ноос, ноолууран эдлэлийг цагаан эрвээхэй зэрэг хортон шавьж идэхгүйгээс гадна хүний биед сөрөг нөлөөгүй болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн химийн технологитой үйлдвэрт ашигладаг хэд хэдэн шат дамжлагыг ч хөнгөвчлөх боломжтой.
Дэлхийн улс орон бүр мэдлэг шингэсэн оюуны бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зорьж байна. Монгол орны хувьд хөдөө аж ахуйн арвин нөөцтэй. Мөн ноос, ноолууран бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд хэдийнэ танигдсан. Эко будгаар будсан ноосон эдлэлийн хувьд илүү тансаг зэрэглэлд багтах, үр өгөөжтэй төсөл учир ийнхүү дэмжихээр болжээ.
Хаа сайгүй ургаж байдаг луулиас эхлээд хорт хавдар эмчлэх чанар бүхий эмийн ургамлаас бүрдсэн 60 төрлийн ургамлыг лабораторийн орчинд судалсан. Өнөөдрийн байдлаар 10 төрлийн ургамлыг будаг гарган авахад ашиглаж байна. Үр өгөөжтэй энэ нээлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх эхний алхам лабораториор бий болж байгааг албаныхан хэлж байна.
Үндэсний үйлдвэрлэгчид ноос, ноолууран бүтээгдэхүүнийхээ эко чанарыг хадгалахын тулд байгалийн өнгийг нь түлхүү ашигладаг. Харин удахгүй үндэсний эрдэмтдийн бүтээсэн ургамлын гаралтай будгаа ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил эхлэхээр болж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Монгол эрдэмтэд ургамлаас ноосны будаг гаргажээ | ||
| Үзсэн: 1783 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.