Саудын Арабд өнөөдөр болж байгаа орон нутгийн сонгууль түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийн оролцоотой явагдаж байна. Энэ сонгуульд эмэгтэйчүүд санал өгөхөөс гадна нэр дэвшин өрсөлдөх эрхтэй болсноороо онцлог юм.
Хэт хуучинсаг үзлээрээ алдартай тус Вант улс одоо хэр нь эмэгтэйчүүд автомашин жолоодох хориотой цорын ганц орон хэвээр байгаа. Харин өнөөдрийн сонгуульд 978 эмэгтэй 5938 эрэгтэйчүүдийн хамтаар сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм байна. Гэхдээ Саудын Арабд хүйсээр ялгаварласан дүрэм журам хатуу чанд мөрдөгдсөн хэвээр байгаагаас нэр дэвшигч эмэгтэйчүүд сонгуулийн кампанит ажлынхаа явцад тусгай хаалтны цаанаас үгээ хэлэх эсвэл өөрсдийгөө төлөөлүүлэн эрэгтэй хүмүүсээр үг хэлүүлэх боломжтой байжээ.
Өнөөдрийн сонгуулийн санал хураалтад 130 мянга орчим эмэгтэйчүүд оролцох бодолтой байгаа бол нэг сая 350 мянган эрэгтэйчүүд сонгуульд оролцохоор бүртгүүлсэн байна. Энд дурдахад, Саудын Арабд сонгууль ерөнхийдөө ховор үзэгдэл байдаг. Энэ удаагийн сонгууль гэхэд тус вант улсын түүхэнд дөнгөж гуравдах нь болж байгаа. 1965-2005 оны хооронд тус улсад сонгууль болоогүй юм. Эмэгтэйчүүдийг сонгуульд оролцуулахыг зөвшөөрөх шийдвэрийг Абдалла ван агсан 2011 онд анх гаргасан.
Тэрээр энэ шинэчлэлээ зарлахдаа Саудын Арабын эмэгтэйчүүд үнэн, зөв санаа, зөвлөмж гаргах чадвартай гэдгээ харуулсан хэмээн мэдэгдэж байжээ. Мөн тэрээр 2013 онд 30 эмэгтэйг Межлис аш-Шура хэмээх хууль тогтоох зөвлөлдөх байгууллагад томилсон байдаг. Өнөөдрийн сонгуулиар орон нутгийн зөвлөлүүдийн 2100 гишүүнийг сонгох юм. Харин өөр 1050 хүнийг вангийн тушаалаар гишүүнд томилдог байна.
| Саудын Арабын сонгуульд анх удаа эмэгтэйчүүд оролцлоо | ||
| Үзсэн: 265 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.