Шууд Chart

“Исламын улс” бүлэг нефтийн хууль бус наймаанаас сар бүр 40 сая долларын ашиг олдог

2015-12-14 11:00:45

“Исламын улс” бүлэг нефтийн хууль бус наймаанаас сар бүр 40 сая долларын ашиг олдгоос гадна энэ хууль бус нефтийг нь худалдан авагчийг Анкара, Дамаск хоёр олж өгдөг гэж АНУ-ын Сангийн сайдын орлогчийн үүрэг гүйцэтгэгч Адам Зубин мэдэгдлээ.

Тэрбээр Лондон хотын Олон улсын харилцааны хүрээлэнд үг хэлэхдээ ийнхүү мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг уламжилсан байна. Адамс Зубины хэлснээр “Исламын улс” бүлэг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмд их хэмжээний нефть худалддаг, харин үлдсэн хэсгийг хил давуулан Турк улсад нийлүүлдэг гэнэ.

Мөн “Исламын улс” бүлэг үүсэн байгуулагдсанаасаа хойш Сири болон Иракт банк дээрэмдэх, хууль бус нефтийн наймаанаас 1,5 тэрбум доллар олжээ. Хэт даврагчдын ашиг орлогыг задлаад үзэх юм бол нефтийн наймаанаас олсон ашиг орлого 500 сая орчим, банкуудыг дээрэмдэж олсон ашиг нь ойролцоогоор нэг тэрбум доллар хүрсэн гэнэ.

Үүнтэй холбогдуулан Вашингтон Анкарад Сири болон Ирак дахь лалын хэт даврагч бүлэглэлийн санхүүгийн урсгалыг хаахыг, мөн Сири болон Иракаас ирж байгаа мөнгөн урсгалыг таслан зогсоохыг уриалжээ. “Турк улс хууль бус мөнгөний урсгалыг хаах тал дээр ихийг хийнэ гэдэгт бид найдаж байгаа. Иймээс Сири, Туркийн хилийн хамгаалалтыг чангатгах нь мөнгөний урсгалыг хаах үйл хэрэгт тус нэмэр болох нь тодорхой” гэж Адамс Зубин цохон тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Исламын улс” бүлэг нефтийн хууль бус наймаанаас сар бүр 40 сая долларын ашиг олдог  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй