Шууд Chart

Түлэнхийн тасаг барих мөнгө өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй байна

2015-12-14 15:48:16

ГССҮТ өнөөдрийн байдлаар 500 гаруй эмч, ажилтантайгаар иргэдэд яаралтай тусламж үйлчилгээг хүргэж байна. Эрүүл мэндийн салбарын хамгийн ачаалалтай төв болох ГССҮТ-ын  яаралтай тусламжийн тасгаар жилдээ 80 мянга гаруй хүн, амбулториор 20 мянга гаруй хүн үйлчлүүлдэг байна. Мөн хэвтэн эмчүүлэгчдийн тоо 14 мянгад хүрдэг бол хүнд мэс засалд жилдээ найман мянга гаруй хүн үйлчлүүлдэг байна. Хэрвээ Түлэнхийн төвийн барилга ашиглалтад орчихвол энэ ачааллаас хуваалцана.

Өвлийн цагт түлэгдэх, осгож хайрагдах бэртэл хамгийн их тохиолддог. Гэмтлийн нас баралтын 50 хувийг түлэнхийн бэртэл эзэлдэг байна. Түлэнхий нь ил далд шархлаа, эд эсийг нөхөн сэргээх цогц эмчилгээ, зориулалт бүхий цэвэр орчин шаарддаг. Харамсалтай нь бид гэмтлийн эмнэлгийн хажууд хэдхэн ортой тасгаас өөр, түлэгдэж гэмтсэн хүмүүст тусламж үйлчилгээ хүргэж чадахгүй байгаа юм. 

Түлэгдэлт, осголтыг эмчилдэг гуравдугаар шатлалын эмнэлгийн хуучин барилга 1957 онд ашиглалтад орсон. Ашиглалтын хугацаа нь дуусч, акталснаас хойш санхүүжилт хүлээсээр өнөөг хүрчээ.

Түлэнхийн төвийн барилгын ажилд анх 8 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол одоо төсөвт өртөг нь нэмэгдэж 26  тэрбумд хүрчээ. Энэ онд 2.7 тэрбум, ирэх онд 2 тэрбумын санхүүжилт төсөвт суулгасан. Энэ байдлаар нийт санхүүжилтийн 10 орчим хувийг л жил бүр бага багаар өгөөд байвал эмнэлгийн барилга 10 жилийн дараа л ашиглалтад орж мэдэхээр болоод байгаа юм.

Түлэнхийн төвийн барилга гурван блокоос бүрдэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хоёр барилгыг нэгэн зэрэг барьж эхлүүлэхгүй бол хүндрэл үүсч мэднэ хэмээн албаны эх сурвалжууд онцолж байна. 

Хэрвээ улс тус эмнэлэгийн санхүүжилтыг шийдчихсэн байсан бол 200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн долоон давхар эмнэлэг сүндэрлэх байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Түлэнхийн тасаг барих мөнгө өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй байна   
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй