Шууд Chart

"Оюу толгой"-н далд уурхайн санхүүжилтийн зээлийг маргааш батламжилна

2015-12-15 18:49:32

"Оюу толгой" төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх гол хэлэлцээрүүдийг үндсэндээ хийж дууссан. Маргааш дэлхийд тэргүүлэх банк, санхүүгийн байгууллагууд энэ төсөлд итгэл хүлээлгэж 4.4 тэрбум долларын зээл олгохоо батламжилж гарын үсэг зурна гэдгийг тус компанийн удирдлага өнөөдөр мэдэгдлээ.

Энэ санхүүжилтийн гэрээг баталгаажуулснаар ирэх 5-6 жилд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтыг шийдэж байгаа гэсэн үг. Олон улсын санхүүгийн корпораци, Канадын экспортын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Австралийн экспорт даатгалын санхүүжилтийн банк, АНУ-ын экспорт импортын банк гэх мэтчлэн дэлхийн тэргүүлэх арилжааны 15 банк, санхүүгийн байгууллагууд зээл олгох эцсийн шийдвэрээ гаргаж 4.4 тэрбум доллар олгохоо баталгаажуулж, гарын үсэг зурахад бэлэн болсон байна.

Олон улсын санхүүгийн байгууллагын шаардлагад үндэслэж энэ мөнгө ирэх оны нэгдүгээр хагаст багтаж бэлэн болох учиртай. Харин хоёрдугаар улирлаас санхүүжилт орж ирэх юм байна.

"Оюу толгой" ХХК-ийн боловсруулсан ТЭЗҮ-ний дагуу ирэх 5-6 жилийн дотор шаардлагатай хэмжээгээрээ энэ мөнгийг хэсэгчлэн хувиарлаж авна. Төслийн нийт санхүүжилт нь 4.9 тэрбум доллар гэж тооцсон. Зээлийн эх үүсвэрээс бусад санхүүжилтийг "Оюу толгой" болон "Туркосхэлл" компаниуд хариуцна. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд Далд уурхайгаас 2020 он гэхэд эхний олборлолт хийгдэхээр төлөвлөгджээ.  Гүний уурхайгаас олборлолт хийж эхэлснээр баяжмалын экспортын хэмжээ бараг 2.5 дахин нэмэгдэх тооцоотой байгааг тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэлж байна.

Хоёр жилийн дараа далд уурхайн бүтээн байгуулалтын ажил  ид өрнөж, энэ үед 3000 ажлын байр шинээр нэмэгдэнэ. Төслийн санхүүжилтийн ихэнхийг нь Монгол улсад шингээж, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд зарцуулна гэж "Оюу толгой" компанийнхан хэлж байлаа.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Оюу толгой"-н далд уурхайн санхүүжилтийн зээлийг маргааш батламжилна   
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй