Шууд Chart

“Намгүй сум, дүүрэг хөдөлгөөн” байгуулагдлаа

2015-12-16 08:30:00

Орон даяар хэт хавтгайрсан улс төржилтөөс салж,  нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх зорилготой “Намгүй сум, дүүрэг хөдөлгөөн” байгуулагдсан байна. Тус хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, “Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хуулиудад өөрчлөлт оруулах замаар орон нутгийн сонгуульд намууд өрсөлддөг байдлыг  халж харин иргэд өөрсдөөсөө удирдлагаа сонгодог болох нь зүйтэй гэж тэд үзэж байна. 

Өнөөдрийн эдийн засгийн хямрал нь  улс төрийн тогтворгүй байдлаас үүдсэн засаглалын хямралаас эхтэй гэж тус хөдөлгөөнийхөн үзэж байна. Өөрөөр хэлбэл сонгуульд ялсан нам засгийн эрхийг барихдаа намынхаа гишүүдийг албан тушаалд томилдог. Энэ нь тухайн салбарын хүний нөөц боловсон хүчний бодлогоос эхлээд, төрийн залгамж холбоо тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлдэг гэлээ.

Монгол улсын сонгуулийн насны нийт иргэдийн 70 хувийг 45 хүртлэх насны залуус эзэлдэг. Гэтэл аль нэг нам дагахгүй л бол амжилтад хүрч, олигтой ажлын байртай болохгүй гэсэн хандлага ноёлж  байдаг. Тиймээс ядаж орон нутгийн сонгуульд нам оролцдоггүй, нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж “Намгүй сум, дүүрэг” хөдөлгөөнийхөн үзэж байна.

Гурван сая хүнтэй манай улс 20 намтай, 600 мянган намын гишүүнтэй. Энэ бол улс төржилт хавтгайрсныг харуулах нэг жишээ. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн багц  хууль, Улс төрийн намуудын тухай хуульд дүүрэг, сумдын иргэдийн төлөөлөгчдийг иргэд өөрсдөө сонгодог тогтолцоог хуульчлах шаардлагатай гэж тайлбарлалаа.

Хэрвээ залуус зоригтой байж нэгдэж чадвал ажилд орохын тулд эхлээд намд элсэх шаардлагагүй болно. Бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчин улс төрөөс ангид байна. Хамгийн гол нь Ардчилсан нийгэмд амьдарч байгаа олон нийтийн сонгох сонгогдох эрх чөлөө хангагдах боломжтой гэж тэд үзэж байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Намгүй сум, дүүрэг хөдөлгөөн” байгуулагдлаа  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй