Энэ жил өвөлжилт хүндрэх талаар цаг уурчид болоод албаныхан хэлж байгаа. Гэхдээ одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг зүүн аймгийн нутгаар өвөлжилт хэвийн байна.
Хэнтий аймагт өнгөрсөн сарын дунд үеэс эхлээд 10 гаруй удаа цас орж нийт нутгаар ерөнхийдөө цасан бүрхүүл тогтсон байна. Ялангуяа баруун урд талын сумдаар цасны зузаан 15-20 см байна. Одоогоор өвөлжилт хүндэрсэн зүйлгүй, харин нэмж цас орвол нөхцөл байдал хүндрэх эрсдэл байгааг Хэнтий аймгийн Засаг дарга хэлж байна. Гэхдээ өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангасан учир өнөтэй давна гэлээ.
Харин Сүхбаатар аймгийн хувьд хадлангийн бэлчээр нутаг ихтэй учир өвс тэжээлийг хангалттай бэлтгэсэн байна. Өнгөрсөн зун нийт нутгаар зуншлага сайтай байсан хэдий ч намар өвс эрт гандсан Баядэлгэр, Түвшин, Хадлан сумын зарим айл өрхүүд отор нүүдэл хийж буй юм байна.
Үүнээс гадна энэ жил Дорнод аймагт ч мөн зуншлага сайн байсан учраас хадлан тэжээлээ хангалттай нөөцөлсөн гэлээ. Өвөлжилт ч одоогоор сайн байгаа гэж орон нутгийн удирдлагууд хэлж байна. Тиймээс бусад аймгаас малчид ирж өвөлжиж буй юм байна. Ерөнхийдөө зүүн аймгуудаар өвөлжилтийн байдал харьцангуй сайн байна гэж нутгийн удирдлагууд хэлж байна. Гэхдээ удахгүй идэр ес эхэлж, хүйтний эрч чангарна. Тиймээс санаа амрах цаг болоогүй. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
| Зүүн аймагт өвөлжилт хэвийн байна | ||
| Үзсэн: 282 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.