Манай улс төмснийхөө дотоодын хэрэгцээг бүрэн хангаад одоо экспортод гаргах хэмжээнд үйлдвэрлэл явуулж байна. Амт чанарын хувьд маш сайн сортын төмсийг хэрэглээд зогсохгүй, үрийн хувьд бүрэн шинэчлэгдэж чадсан. Одоо гол нь борлуулалтын сүлжээгээ боловсронгуй болгох, экспортод гаргах үүд гарцыг нээх л үлдэж байна. Төмсийг зөвхөн хар шороон хөрсөнд л тарьж ургуулдаг гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Тэгвэл Дархан-Уул аймгийн ургамал газар тариалангийн хүрээлэнгийнхэн төмсийг хөрсгүй орчинд ургуулах бүрэн боломжтой гэдгийг туршилтаар баталж үйлдвэрлэлд нэвтрүүлэн гаргаж авчээ.
Манай улс генбанкинд зөвхөн төмсний 100 гаруй сортын үр хадгалагдаж байна. Үүнээс долоон сортыг үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлж, одоо ирээдүйтэй гурван сорт туршилтын шатандаа явж байна. Эдгээр сортын үрээр тарьсан төмс хамгийн сайн чанарынх гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Манай улс 1996 онд гэхэд л 46-хан мянган тонн төмс буюу дотоодын хэрэгцээнийхээ дөнгөж 35 хувийг л хангаж, үлдсэнийг нь чанар муутай импортын төмсөөр нөхөж байсан. Тэгвэл энэ үйлдвэрлэл 2012 онд хамгийн их буюу 243 мянган тн, өнгөрсөн жил 165 мянган тн болтлоо өсчээ. Одоо тэгвэл зах зээлийн баримжаагүй тариад илүү гарсныг нь гахайн тэжээл болгоод хаях уу, эсвэл экспортод гаргах уу гэдэг сонголтын өмнө тулж ирээд байна.
Манай улсаас Зүүн өмнөд Азийн орнууд төмс авах сонирхлоо илэрхийлдэг. Жижиг үйлдвэрлэл эрхлэгчид экспортод гаргах чадваргүй тул борлуулалтын нэгдсэн сүлжээнд шилжих хөгжлийн шатандаа ирээд байна. Мөн чипс цардуул гэх мэт дагалдах чанарын боловсруулах үйлдвэрүүд ч байгуулагдаж болно. Гол нь төмсийг зүгээр л идэхийн тулд тарьдаг гэх хэвшмэл ойлголтоосоо салж, экспортын нэг шинэ төрөл болгоход анхаарах цаг болсныг ч хэлж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Төмсийг хөрсгүй орчинд ургуулж байна | ||
| Үзсэн: 463 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.