Шууд Chart

Авлигатай тэмцэх үндэсний стратегийг батлах шаардлагатай байна

2015-12-17 13:05:39

Монгол Улсын Авлигатай тэмцэх үндэсний стратегийн хугацаа 2010 онд дууссан. Үүнээс хойш үндсэндээ таван жилийн турш авлигатай тэмцэх нэгдсэн бодлогогүй явж ирсэн. Хэдийгээр авлигатай тэмцэх чиглэлд 10 гаруй хууль, тогтоомж үйлчилж байгаа ч тэднийг зангидсан уураг тархи гэж нэрлэж болох үндэсний стратегиа даруй батлах шаардлагатай байгааг олон улсын байгууллагууд ч сануулсаар байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2013 оноос Авлигатай тэмцэх үндэсний стратегийг боловсруулж, улс орон даяар хэлэлцүүлсэн байдаг. Нийт 6000 гаруй иргэн, авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, бодлогын баримт бичигт санал бодлоо тусгасан. Иргэдийн хувьд өдөр тутмын амьдралд нь тохиолдож байгаа төрийн албаны авлигын асуудлыг тодорхой болгох шаардлагатай гэж үзжээ.

Авлигын эсрэг хууль батлаад, Авлигатай тэмцэх газар байгуулчихвал энэ асуудалтай сайхан тэмцээд явчихна гэж бодвол өрөөсгөл. Тиймээс авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хувьд өндөр дээд хэмжээний авлигын асуудлыг илүү хөндсөн байна.

Монгол Улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцид нэгдсэн. Мөн Монгол Улсын үндсэн хуульд нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг шударгаар дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Тиймээс авлигатай тууштай тэмцэж, төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, бүхий л шатандаа авлигыг бууруулах чиглэлд ажиллаж байгааг олон улсад батлан харуулах чухал баримт бол Авлигатай тэмцэх үндэсний стратеги юм. Өнөөдөр бид авлигатай тэмцэх чиглэлээр хууль тогтоомж баталж, тогтолцоог нь бүрдүүлсээр байна.

Өмнө нь хэрэгжсэн Авлигатай тэмцэх үндэсний стратеги, илүү тунхагийн шинжтэй байсан. Харин шинээр боловсруулсан стратегийн хувьд УИХ, Засгийн газар, Авлигатай тэмцэх газар, Иргэний нийгмийн байгууллагууд, Төрийн байгууллага, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдийг бүхэлд нь уялдуулж чадсан гэж байна.

Авлигатай тэмцэх үндэсний стратегийг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн. Намрын чуулганаар хэлэлцэхээр хүлээж буй  юм. Монгол Улс олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, Монголын ардчилал илүү зөв хөгжих, авлигын эсрэг тэмцэх үйл ажиллагааг уялдуулах зэрэг олон ажлын шийдэл болсон Авлигатай тэмцэх үндэсний стратегиа даруйхан батлах шаардлагатай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Авлигатай тэмцэх үндэсний стратегийг батлах шаардлагатай байна   
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй