Шууд Chart

Техникийн бүрэн бүтэн байдал авто ослоос сэргийлнэ

2015-12-18 10:48:15

Улсын хэмжээнд 500 мянган тээврийн хэрэгсэл байдгаас өнөөдрийн байдлаар 86 хувь нь техникийн оношлогоондоо оржээ. Хүйтний улирал эхэлж, халтиргаа гулгаа нэмэгдэж байгаа энэ үед техникийн бүрэн бүтэн байдал хамгийн чухал байгааг албаныхан сануулж байна. 2015 онд гэхэд 78 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгдсэний дийлэнх хувь нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос үүджээ.

Улаанбаатар хотод хоногт дунджаар 400 гаруй зам тээврийн ослын дуудлага бүртгэгддэг. Үүнд оношлогоондоо ороогүй, халтиргаа гулгааны үед өвлийн дугуй сольж тавиагүй зэрэг техникийн бүрэн бус байдал нөлөөлж байна.

Зөвхөн Баянгол дүүрэгт л гэхэд хоногт 60-70 осол бүртгэгддэг. Энэ нь сард 1200 гаруй зам тээврийн ослын дуудлага ирж байна гэсэн үг. Дүрмээрээ бол жолооч жилд нэг удаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгуулж, техникийн оношлогоондоо орох ёстой. Харин нийтийн тээврийн хэрэгслүүд жилд хоёр удаа оношлуулах журамтай байдаг байна.  

Техникийн бүрэн бүтэн байдлаа шалгуулахын тулд тийм ч их цаг зав, мөнгө төгрөг зарцуулдаггүй. Тодруулбал суудлын тэрэг 11 мянга, харин ачааны болон автобуснуудыг 16 мянган төгрөгөөр оношилдог. Мөн Бүрэн оношлуулаад гарахад 20 орчим минутын хугацаа зарцуулна. Тиймээс багахан цаг зарцуулчих хэрэгтэйг албаныхан хэлж байна.

300 мянган авто машинтай нийслэл хотод гурван оношлогооны төв ажилладаг. Энэ нь хоногт 800 машин оношлоод байх хүчин чадалтай гэсэн үг юм. Оношлогооны цаас шилэн дээрээ наах нь чухал биш, цаана нь таны болон хайртай хүмүүсийн чинь амь, амьдрал байгаа гэдгийг жолооч нар ухамсарлах нь чухал юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Техникийн бүрэн бүтэн байдал авто ослоос сэргийлнэ  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй