Шууд Chart

Байгууллагууд орчныхоо цас, мөсөө арилгахгүй бол хариуцлага тооцно

2015-12-19 16:49:49

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцах үүрэгтэй. Харамсалтай нь халтиргаа гулгаа ихтэй хүйтний энэ улиралд албан байгууллагууд энэ үүргээ муу биелүүлж байгаа учраас хариуцлагыг чангатгаж, тодорхой хэмжээний торгууль ногдуулдаг болох тухай  хотын удирдлагууд хэлэлцэж байна.

Улаанбаатар хотод энэ өвөл нийт 20 орчим удаа цас орно гэсэн урьдчилсан төлөв мэдээг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Өнөөдрийн байдлаар таван удаагийн цас орсон. Дахиад 13-15 удаа орох төлөв байна. Энэ бол халтиргаа гулгаа ихсэхээс сэргийлэх, бэлэн байдалд ажиллах дохио юм гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолсон юм. Одоо дахиад орох 10 гаруй  удаагийн цасанд бид бэлэн үү? Зам талбайд цацах бодис хангалттай юу гэдэг асуултад Улаанбаатар нэгтгэлийн ерөнхий инженер С.Баяр-Өлзий хариулж байна.

Тэрбээр "Нэг удаагийн цаснаар 70 орчим тонн бодис цацдаг. Өртөг өндөр ч энэ бол хамгийн тохиромжтой арга юм" гэдгийг хэлж байна. Гэтэл энэ бодисынхоо нөөцийг нэмэе гэхээр худалдаж авах хөрөнгө мөнгө нь байхгүй байгааг хотын удирдлага тайлбарлалаа. Өнөөдрийн байдлаар сангийн яамнаас хотын гэх бүх гүйлгээг зогсоосон байгаа учраас яах ч  аргагүй болжээ.

Асуудлыг хүн хүчний аргаар шийдэх нэг гарц байгаа ч бас амжилтгүй байгааг энд хэлж байсан. Ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэчихээгүй байж байгаад хэн нэгэн халтирч унаад гэмтэж, бэртсэн тохиолдолд тухайн байгууллага хариуцлагыг нь үүрнэ гэсэн журам байгаа ч  үүнийг үл тоох хандлага их байна. Тиймээс л одооноос тэдний дансан дахь  мөнгөтэй нь ярина гэдгийг засаг дарга хэллээ.

Одоогийн байдлаар өдөр бүр 410 хүн цас мөсний цэвэрлэгээнд гарч байгаа юм байна. Хэрвээ энэ хүмүүсийн ажилд аж ахуйн нэгж байгууллагууд хүч нэмвэл хэн нэгэн гэмтэж бэртэх мөн, авто ослоос урьдчилан  сэргийлэх боломж бидэнд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Байгууллагууд орчныхоо цас, мөсөө арилгахгүй бол хариуцлага тооцно  
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй