МХЕГ-аас “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийснээ нээлттэй хэлэлцлээ. Шалгалтанд Монгол улсын хэмжээнд тамхин бүтээгдэхүүнээр худалдаа үйлчилгээ эрхэлдэг 3000 гаруй ААНБ, иргэд хамрагдсан байна.Шалгалтын явцад тамхины үйлдвэрлэл, хайрцаг, сав, баглаа боодол, хаяг, шошгололт, санамж анхааруулга, тамхины сурталчилгаатай холбоотой зөрчил илрээгүй нь онцлууштай. Харин тамхийг зөвшөөрөлгүй болон ширхэглэн худалдаалах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хориглосон газарт тамхи татуулсан, хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар дотоод журамдаа өөрчлөлт оруулж мөрдөөгүй зэрэг зөрчил давамгайлсан байна. Шалгалтаар нийт 1012 зөрчил илрүүлж 802 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Тамхины хяналтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нийт 59 ААНБ, албан тушаалтан, иргэнд 14.870.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авчээ. Үүнээс тоогоор 135 нэр төрлийн 3361 хайрцаг 7.172.280 мянган төгрөгийн үнэ бүхий тамхийг хурааж харъяа аймаг, дүүргийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, устгах улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. Эдгээр нийтлэг зөрчил дутагдал нь ААНБ, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, амьжиргааны түвшин доогуур, орлого багатайгаас шалтгаалан нууцаар, далд хэлбэрт шилжин худалдаалагдах, хориглосон газарт тамхи татахад нөлөөлж байна. “Тамхины хяналтын тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт нийслэлд 87,3%, орон нутгийн хэмжээнд 97,1% улсын хэмжээнд 92,2%-ийн үзүүлэлттэй шалгагджээ. Уг хуулийн “нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газруудад тамхи худалдаалахгүй, татахгүй байх” заалтын хэрэгжилт 100% хангалттай хэрэгжиж байна. Харин тамхи ширхэглэн худалдах, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи худалдаалах заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь иргэдийн амьжиргааны түвшин доогуур, орлого багатай, хууль эрхзүйн мэдлэг дутмаг, нөгөө талаар дүүрэг, хороодын Засаг дарга, цагдаагийн болон бусад эрх бүхий байгууллагын хоорондын уялдаа холбоо сул, хяналт шалгалтыг байнга тавьж ажиллахгүй байгаатай холбоотой хэмээн албаныхан үзжээ.
Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт 92.2 хувийн үзүүлэлттэй байна | ||
Үзсэн: 3512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.