Шууд Chart

Монголчуудын сэтгэлгээний өөрчлөлт буюу Т-Батаарын 120 сая төгрөгийн орлого

2013-09-20 14:45:23

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монголын үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа, музейн зураач Д.Батжаргал, зохион байгуулагч Б.Батцэцэг нарыг хүлээн авч уулзаж Т-Батаар үлэг гүрвэлийн түр музейн талаарх мэдээлэл сонслоо.  Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг Чингисийн талбай дахь Үлэг гүрвэлийн түр музейд энэ оны зургадугаар сарын 8-наас байрлуулсан бөгөөд эхний нэг сард олдворыг үнэ төлбөргүй үзүүлсэн. Энэ хугацаанд 267 мянган хүн үзсэн байна. Харин төлбөртэй үзүүлж эхэлсэн өнгөрсөн хоёр сарын хугацаанд 320 мянган хүн Т-Батаарыг үзжээ. Ингээд өнгөрсөн гурван сарын хугацаанд Т-Батаарын үзмэрээс нийт 120 сая 59 мянган төгрөгийн орлого олсон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 30 ээж Т-Батаарын чихмэл тоглоом, бэлэг, дурсгалын зүйл хийж зургаан сая 900 мянган төгрөгийн орлого олжээ. Эдгээр мэдээллийг сонссоны дараа ноён П.Цагаан “Т-Батаар нь монголчуудын сэтгэлгээнд хоёр том өөрчлөлт авчирсан. Т-Батаарыг эргүүлж авчрах хүртэл монголчууд өв, соёлын чухал зүйлсээ дандаа гадагш алддаг, хулгайлуулдаг, эзэнгүй айл шиг байсан. Одоо бол эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэдгээр буруу гараар оруулж алдсан соёлын их өвөө эргүүлэн авч дэлхийг сүлжсэн олон улсын хил дамнасан гэмт хэргийн бүлэгт том дохио өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр хууль хяналтын байгууллагууд, эрдэмтэд, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй баг гарч үнэт олдвороо эргүүлэн эх оронд нь авчирсан. Гэмтнүүд АНУ-д 10-20 жилийн хорих ял авч байгаа. Энэ нь Монгол Улс бол алдсанаа эргүүлж авч чаддагг орон шүү гэдгийг дэлхийд харууллаа. Мөн гуравхан сарын дотор хагас сая хүн Т-Батаарыг үзсэн нь сэтгэлгээнд гарч ирсэн том үзэгдэл юм. Т-Батаарын араас дахин 22 үлэг гүрвэлийн олдвор Монголд ирнэ. Тиймээс түүх, соёлын өвдөө хөрөнгө мөнгө зарж, хүний анхаарал татсан том сайхан музей байгуулах хэрэгтэй. Ингэснээр Монголыг дэлхий мэддэг, Монголыг үзэх гэж ирдэг болно” гэж хэлсэн юм.  Мөн Соёл, урлагийн салбарт эхлээд мөнгө гаргавал дараа нь төсөвт дарамт учруулдаггүй, харин ч хөгжил дэвшилд тус нэмэр болж мөнгө, хөрөнгө олдог салбар гэдгийг Т-Батаарын олдвор болон музейн хамт олон харуулсныг тэрбээр тодотголоо.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Монголчуудын сэтгэлгээний өөрчлөлт буюу Т-Батаарын 120 сая төгрөгийн орлого  
Үзсэн: 1852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй