Шууд Chart

Чингэлтэй дүүргийн номын өргөөнд 80 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ

2015-12-24 09:04:00

Үүдээ нээгээд удаагүй байгаа Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөөнд Турк улсын "Тика" агентлаг 80 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ. Хүүхэд багачуудын шимтэн уншдаг үлгэр, туульс, сонгодог зохиолуудыг олшруулан хувилах машин, зохиол бүтээлүүдийг цахим хэлбэрт буюу аудио сонсдог ном болгоход шаардлагатай олон төрлийн тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Ингэснээр хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд номын өргөөгөөр үйлчлүүлэх боломжтой боллоо.

Дээрх тоног төхөөрөмжийг бүгдийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дуртай номоо унших боломжийг бүрдүүлэхэд ашиглана. Хараа, сонсгол муутай хүүхдүүд ямар ч бэрхшээлгүйгээр дэлхийн олон улсаар, түүхийн он цагуудаар аялах тэр бүх боломжийг бүрдүүлнэ гэж номын өргөөнийхөн ярилаа.

Хүүхдийн номын өргөөг илүү хүртээмжтэй болгож, шаардлагатай тоног төхөөрөмж бэлэглэсэн "Тика" агентлагийн хувьд дөнгөж өчигдөрхөн л гэхэд Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулаторит бас тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Ийм хэлбэрээр энэ онд 40 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. 

Тус агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Экрэм Калан "Улиран өнгөрч байгаа онд манай агентлаг 40 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 2 сая орчим долларын тусламж үзүүлсэн байна. Хүүхдүүдийн номын өргөөнд оруулж байгаа  энэ хөрөнгө оруулалт бол энэ оны хамгийн сүүлийн төсөл хөтөлбөр болж байгаа юм. Энэ онд бид илүү хүмүүнлэгийн салбарт тусламж дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллалаа. Дараа жилд харин хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтрах төлөвлөгөө бий" гэлээ.

Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө 11 дүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн. Нээгдээд бүтэн сар болоогүй ч өдөртөө 100 орчим хүүхдэд үйлчлүүлдэг юм байна. Компьютер, принтер гээд ийнхүү шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан учраас одоо хүүхдүүдийн тоо  улам олон болно гэдэгт номын өргөөнийхөн итгэлтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чингэлтэй дүүргийн номын өргөөнд 80 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй