Иракийн Ерөнхий сайд Хейдар аль-Абади БНХАУ-д хоёр хоногийн айлчлал хийж байна. Тэрээр өчигдөр Хятадын дарга Си Зиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян нартай уулзаж, хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Эдгээрийн дотор эдийн засгийн нэг бүслүүр үүсгэх Бээжингийн санаачилгад Иракийн оролцооны тухай, мөн хоёр орны эдийн засаг, технологийн салбар дахь хамтын ажиллагааны тухай санамж бичгүүд багтжээ. Үүнээс гадна Ирак, Хятадын удирдагчид хоёр орны хооронд стратегийн түншлэл байгуулахаар болж, энэ талаар хамтарсан мэдэгдэл гаргалаа. Өчигдөр Хятадын дарга Си Зиньпин Иракийн Ерөнхий сайдыг хүлээн авч уулзах үеэрээ Хятад-Иракийн харилцаа улам ойртон нягтарч байгааг сайшаагаад, Хятад улс “Торгоны зам” эдийн засгийн нэг бүслүүр бий болгох бодлогынхоо хүрээнд Ирак дахь цахилгаан, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлнэ гэж амласан байна. Хятад улсын эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр энэ нь хоёр орны харилцааны гол салбар болсон. Хятад улс 2006 онд Иракаас 1 сая тонн газрын тос худалдаж авсан бол сүүлийн жилүүдэд энэ хэмжээ эрс өсөж, 2015 оны зөвхөн нэгдүгээр сард л гэхэд 3.4 сая тонн газрын тос импортложээ. Ийнхүү Хятадад газрын тос экспортлох хэмжээгээрээ хоёрдугаарт бичигдэх болсон Ирак улс Хятадтай эрчим хүчний салбарт мөн Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Тус санамж бичигт хоёр улс цаашид эрчим хүчний салбарт урт хугацаанд иж бүрэн стратегийн түншлэл тогтоох болсныг тусгажээ. Энэ хүрээнд газрын тосны худалдаанаас гадна, хайгуул, олборлолтыг сайжруулж, эдгээртэй холбогдох дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэхэд Хятадын тал хөрөнгө оруулахаар болсон байна.
| Ирак, Хятадын удирдагчид стратегийн түншлэл байгууллаа | ||
| Үзсэн: 329 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.