Шууд Chart

Европт очсон дүрвэгчийн тоо нэг сая давжээ

2015-12-24 12:50:19

Энэ онд Ойрхи Дорнод, Африкийн хямрал мөргөлдөөнтэй бүс нутгаас Европ тивийг зорьж очсон цагаач дүрвэгчийн тоо нэг сая давсныг Цагаачлалын асуудал эрхэлсэн Олон улсын байгууллага мэдээллээ.

Женев хотод төвтэй тус байгууллагын мэдээлснээр Европт очсон дүрвэгчдийн тэн хагас нь Сирийн дүрвэгчид байна. Сирээс хөрш зэргэлдээ орших Ливан, Турк болон бусад орон руу очсон дүрвэгчид хоол хүнс, орогнох газар, ажлын байрны хомсдолтой тулгарч, улмаар цааш Европ тивийг зорихоос өөр аргагүй байдалд хүрдэг болохыг олон улсын байгууллагууд тайлбарлаж байгаа юм.

Нийт цагаач дүрвэгчдийн 80 гаруй хувь нь Европт Туркээс далайгаар дамжин очиж байгаа. Үүнтэй холбоотойгоор дүрвэгчдийг тээвэрлэдэг хууль бус бүлэглэлүүд энэ онд дор хаяж нэг тэрбум америк долларын орлого олсон гэж албаныхан тооцоолж байна. Эдгээр хууль бус бүлэг гэр бүлийн гишүүдийн тоо, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлээс шалтгаалж,  нэг хүнээс 2-6 мянган америк долларын төлбөр авдаг байна. Бүлэглэлүүд 2000 оноос хойш нийтдээ 10 тэрбум, магадгүй бүр үүнээс ч их хэмжээний ашиг орлоготой ажилласан болов уу гэж Цагаачлалын асуудал эрхэлсэн Олон улсын байгууллага тооцоолж байгаа юм. Сирийн хямралаас гадна эбола нянгийн халдвар, Зүүн Африк дахь "Боко харам" хэт даврагч бүлэглэлийн халдлага дайралт зэрэг олон шалтгаан дүрвэгчдийн урсгал улам нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Аргагүйн эрхэнд нутаг орноо орхисон дэлхий даяарх дүрвэгчийн тоо энэ оны эцэс гэхэд 60 сая давсан нь түүхэнд байгаагүй дээд үзүүлэлт болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европт очсон дүрвэгчийн тоо нэг сая давжээ  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй