Шууд Chart

Франц терроризмтой тэмцэхийн тулд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна

2015-12-24 12:55:05

Өчигдөр Францын Үндсэн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус улсын Засгийн газар баталж, улмаар парламентдаа албан ёсоор оруулж, хэлэлцүүлэхээр боллоо. Өнгөрсөн сард Парист болсон террорист халдлагын дараа тус улсын эрх баригчид дахин энэ мэт халдлага дайралт гарахаас сэргийлэхийн тулд онц байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Үндсэн хуульдаа тусгахаар төлөвлөж байгаа юм.

Өнгөрсөн сард Парис хотод болсон террорист халдлагаар 130-аад хүн амь үрэгдсэн. Үүний дараа Францад онц байдал зарлаж, терроризмтой тэмцэх ажиллагааг эрчимжүүлээд байна. Энэ хүрээнд сэжигтэй 300-аад этгээдийг гэрийн хорионд оруулж, мөн шашны хэт даврах үзэл дэлгэрүүлсэн гэж гурван сүмийн үйл ажиллагааг зогсоожээ. Түүнчлэн цагдаа нар 2900 гаруй айлд шүүхийн зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийсэн байна. Эдгээр нь онц байдлын үед цагдаа нарын бүрэн эрхэд тооцогддог. Харин тус улсын эрх баригчид онц байдлын үед үйлчилдэг журам, үүний дотор цагдаа нарын энэ давуу эрхийг Үндсэн хуульдаа тусган, дархлахаар төлөвлөж байгаа юм. Мөн өөр улсад давхар иргэншилтэй иргэд нь терроризмын хэрэгт холбогдсон нөхцөлд Францын иргэний харьяаллаас хасах эрхийг холбогдох албаныханд олгохоор заах юм байна. Тус улсын Ерөнхий сайд Мануэль Вальс "Терроризмын аюул занал түүхэнд байгаагүйгээр өсөн нэмэгдсэн. Иймээс Францад терроризмтой тэмцэх урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй" гэж үзэж байгаа. Энэ зорилгоор Францын Засгийн газрын боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус улсын парламент ирэх хоёрдугаар сард хэлэлцэх юм байна.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц терроризмтой тэмцэхийн тулд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна   
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй