АНУ-ын Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд хүч үзэж байгаа нэр дэвшигчдийг тэрбумтан Дональд Трамп тэргүүлж байна. "Си-Эн-Эн" суваг "Өү-Ар-Си Интернэшнл" судалгааны компанитай Бүгд найрамдах намыг дэмжигчдийн дунд санал асуулга хамтран зохион байгуулж, өчигдөр үр дүнгээ зарласан байна. Энэ дүнгээр Дональд Трамп нийт оролцогчтйн 39 хувийн саналыг цуглуулж, итгэл төгс тэргүүлжээ. Түүний араас удаалсан сенатч Тед Круз 21 хувиар бага буюу 18 хувийн санал авсан байна. Харин өмнөх санал асуулгуудад тогтмол хоёрдугаар байрт бичигдэж байсан, мэдрэлийн мэс засалч Бен Карсон 1 байр ухарч, 10 хувийн саналаар гуравдугаарт оржээ. Бүгд найрамдах намын бусад найман нэр дэвшигч бүгд тав буюу түүнээс доош хувийн санал цуглуулсан байна. АНУ-ын эдийн засгийг сайжруулахад Дональд Трамп хамгийн үр дүнтэй ажиллана гэж санал асуулгад оролцогчдын 57 хувь үзэж байгаа бол Америк дахь хууль бус цагаачлалыг шийдвэрлэхэд оновчтой бодлого хэрэгжүүлнэ гэж 55 хувь, "Исламын улс" бүлэглэлтэй шийдэмгий тэмцэнэ гэж 47 хувь нь үзжээ. "Си-Эн-Эн" сувгийн мэдээлснээр санал асуулгад Трампыг дэмжигчдийн олонх нь дээд боловсрол эзэмшээгүй иргэд буй аж.
| Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийг Дональд Трамп тэргүүлэв | ||
| Үзсэн: 1189 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.