Зэвсэгт хүчний жанжин штабаас хэвлэлийн бага хурал зарлаж, МИ-8 онгоцны ослын талаар мэдээлэл өглөө. Энэ ослын улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүн хүнд болон хүндэвтэр гэмтэл аваад байна. Шөнийн сургалт дадлагын нислэг үйлдэж байсан онгоц ямар шалтгаанаас болж осолдсоныг тодруулахаар хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна.

Осолдсон онгоцонд нийт 11 албан хаагч үүрэг гүйцэтгэж явсан. Ослын улмаас Зэвсэгт хүчний салбарт 17 жил ажилласан, 37 настай онгоцны багийн гишүүн, ахмад М.Батбаяр амиа алдсан. Шөнийн сургалт дадлагыг сард 2-3 удаа зохион байгуулдаг. Байнга хийдэг сургалт дадлагын үеэр ямар осол гарсныг тодруулахаар ажиллаж байна. Ослын дүгнэлт гараагүй учир дэлгэрэгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын Иргэн, цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан хэллээ.

Албаныхны өгсөн энэ мэдээллээс хойш онгоцны ослын шалтгааныг тодорхойлсон эсэх талаар лавласан боловч шинэ мэдээлэл өгсөнгүй. Осолдсон хүмүүсийн биеийн байдал хэвэндээ байгаа гэлээ. Осолдсон МИ-8 онгоц 1984 онд ОХУ-д үйлдвэрлэсэн хоёр онгоцны нэг байсан. Онгоцыг тус ангийн захирагч хурандаа н.Очирбат жолоодож явсан гэсэн мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа юм.
| МИ-8 нисдэг тэрэгний ослын шалтгааныг тогтоогоогүй байна | ||
| Үзсэн: 530 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.