Грекийн эрх баригчид Европын холбооны бусад гишүүн орны дэмжлэгтэйгээр цагаач дүрвэгчдийн урсгалыг зохицуулах хүчин чармайлтаа нэмэгдүүлж байна. Энэ онд Грект очсон дүрвэгчийн тоо 750 мянга давсан талаар тус улсын Эргийн хамгаалалтын албаныхан мэдээлж байна. Европын холбоог зорьсон цагаач дүрвэгчдийн 80 гаруй хувь нь Шенгений хилд Грекээр дамжин нэвтэрсэн гэх тооцоо гарсан юм. Үүнтэй холбоотойгоор Грекийг хилээ муу хамгаалж, цагаач дүрвэгчдийн урсгалыг зохицуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байна гэх шүүмжлэл сүүлийн үед гарах болжээ. Иймээс Грекийн Засгийн газар дүрвэгчдийг бүртгэлжүүлэх ажлаа хурдасгахын тулд өдөрт 2 мянган дүрвэгч бүртгэх хүчин чадалтай төв хоёрыг нэмж байгуулан, ирэх саруудад ашиглалтад оруулна гэдгээ мэдэгдлээ. Үүнээс гадна Грекийн эргийн хамгаалалтыг сайжруулахад Европын хилийн Фронтекс агентлаг дэмжлэг үзүүлж байгаа юм. Өнгөрсөн намар Европын холбоо гишүүн орнууддаа цагаач дүрвэгчдийг тэнцвэртэй хуваан байршуулах төлөвлөгөөг баталсан. Гэвч энэ төлөвлөгөөний хэрэгжилт удааширч, Грек улс дангаараа олон мянган дүрвэгчийг орогнуулсан хэвээр байгааг тус улсын эрх баригчид хэлж байна.
| Грек дүрвэгчдийн урсгалыг зохицуулах хүчин чармайлтаа нэмэгдүүлэв | ||
| Үзсэн: 281 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.