Японы Окинава мужийн захирагч Такеши Онага АНУ-ын агаарын цэргийн баазыг мужид нь нүүлгэн байршуулах төв засгийн газрынхаа төлөвлөгөөг эсэргүүцэн, шүүхэд зарга үүсгэжээ. АНУ-ын Футенма агаарын цэргийн бааз одоо Окинавагийн хүн ам шигүү суурьшсан бүсэд байрлаж байгаа. Японы засгийн газар тус баазыг мужийн алслагдсан эрэгт нүүлгэхээр шийдвэрлэж, Окинава мужийн өмнөх захирагч газар ашиглах зөвшөөрөл олгоод байсан юм. Харин өнгөрсөн онд шинээр сонгогдсон мужийн захирагч Такеши Онага энэ зөвшөөрлийг цуцалснаар Засгийн газар, мужийн захиргааны хооронд маргаан дэгджээ. Энэ асуудлаар талууд зөвшилцөлд хүрч чадахгүй байгааг харгалзан, өнгөрсөн сард Японы засгийн газар Окинава мужийн захиргааны эсрэг шүүхэд хандсан юм. Гэхдээ энэ асуудлаарх шүүхийн үйл явц үргэлжлэх хооронд Окинава мужийн захирагч Такеши Онагагийн шийдвэрийг Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам түр цуцлан, бааз байгуулах газар шорооны ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Такеши Онага үүнийг эсэргүүцэж өнөөдөр төв засгийн газрынхаа эсрэг зарга үүсгэсэн байна.
| Окинава мужийн захирагч засгийн газрынхаа эсрэг зарга үүсгэв | ||
| Үзсэн: 413 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.