Шууд Chart

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк албан ёсоор байгуулагдав

2015-12-27 11:54:08

Өчигдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк албан ёсоор байгуулагдлаа. Тус банк одоогийн олон улсын санхүүгийн гол институциуд, тэр дундаа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хувьд томоохон өрсөлдөгч болно гэж шинжээчид үзэж байгаа юм.

 Ази, Номхон далайн бүс нутгийн дэд бүтцийн салбарт тулгарч байгаа хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний урсгалыг зөв зохистой хуваарилах зорилгоор Хятад улс тус банкийг байгуулахаар анх санаачилсан юм. Улмаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зурсан 57 улс орноос банкны нийт хувьцааны 50 гаруй хувийг эзэмшиж байгаа 17 орон гэрээг соёрхон баталснаар, тус гэрээ өчигдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Хятадын сангийн сайдын өгсөн мэдээллээр, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг ирэх сараас бүрэн эхлүүлэхээр төлөвлөж байна. 1-р сарын 16-наас 18-ны хооронд банкны нээлтийн ёслолыг зохион байгуулж, удирдах зөвлөлийн гишүүд Бээжин дэх төв байрандаа анх удаа уулзан, тус банкны ерөнхийлөгчийг албан ёсоор томилох юм. Энэ банк дэлхийн эдийн засгийн өнөөгийн тогтолцоонд шинэчлэл хийхэд том хувь нэмэр оруулна гэж Хятадын тал мэдэгджээ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг АНУ, 3-рт бичигддэг Япон зэрэг улс тус банкинд гишүүнчлэхээс татгалзсан, харин Автрали, Герман, Их Британи зэрэг улсууд нэгдэж байгаа юм. Ази, Европын нийт 57 улс орныг эгнээндээ багтаасан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 100 тэрбум америк доллар, үүнээс 29,78 тэрбум америк долларыг Хятад улс санхүүжүүлснээр саналын эрхийн 26,06 хувийг дангаар эзэмшиж байна. Үүний араас Энэтхэг улс 8.37 тэрбум, ОХУ 6,54 тэрбум америк долларын хөрөнгө оруулснаар, нийт саналын 7,5 болон 5,92 хувийг тус тус эзэмшиж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк албан ёсоор байгуулагдав  
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй