Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр Пакистанд гэнэтийн айлчлал хийжээ. Олон асуудал, тэр дундаа Кашмирын бүс дэх хилийн маргаанаас үүдэн 60 гаруй жил дайсагналцсан харилцаатай байгаа Пакистанд 2004 оноос хойш Энэтхэгийн Ерөнхий сайд анх удаа айлчилсан нь энэ болж байна.
Саяхан болж өндөрлөсөн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын бага хурлын үеэр Моди Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифтай уулзсан. Үүнээс хойш нэг их удалгүй Энэтхэгийн Ерөнхий сайд Пакистанд айлчилсан нь хоёр орны харилцаанд ахиц дэвшил гарч байгааг харууллаа гэж зарим ажиглагч дүгнэж байна. Моди өчигдөр Афганистанд айлчлаад нутаг буцахынхаа өмнө Пакистанд айлчлах гэнэтийн шийдвэрээ зарлажээ. Өчигдөр Наваз Шарифын 66 насны ой тохиосон. Энэ ойд баяр хүргэснээр эхэлсэн Модигийн Пакистан дахь айлчлал талууд 90 минут уулзалт хийж, оройн зоог хамт барьсны дараа өндөрлөсөн байна. Моди, Шариф нар уулзалтынхаа үеэр Кашмирын бүс нутаг дахь хилийн маргааны асуудлыг хөндөж, хэлэлцсэн гэж албаны эх сурвалжууд мэдээллээ. 1947 оноос өмнө нэгдмэл байсан дээрх улсууд Британийн колоничлол эцэс болсны дараа шашны хагарлаас үүдэн хиндичүүд олонхитой Энэтхэг, Исламын шашинт Пакистан гэсэн хоёр улс болж задарсан юм. Үүнээс хойш Энэтхэг, Пакистаны хооронд дэгдсэн гурван дайны хоёр нь Кашмир дахь хилийн маргаанаас үүджээ. Хоёр орны аль, аль нь Кашмирын бүс нутгийг бүхэлд нь өөрийн газар нутаг хэмээн маргадаг. 60 гаруй жил хоёр орны харилцааг хурцатгасан энэ асуудлаар 2003 онд гал зогсоох гэрээ байгуулсан ч, талууд гэрээг зөрчин, бие биеэ буруутгасаар өдийг хүрсэн юм. Ийм ч учраас Энэтхэгийн Ерөнхий сайд Пакистанд айлчилсан нь хоёр талын харилцаан дахь хурцадмал байдлыг намжаахад чиглэсэн нэг том алхам гэж ажиглагчид дүгнэж байна. Цаашид хоёр орны хооронд уулзалт, хэлэлцээг эрчимжүүлэх, мөн ард иргэдийнхээ хооронд нөхөрсөг уур амьсгал бий болгох замаар харилцаагаа сайжруулахаар талууд төлөвлөж байна. Энэ чиглэлд нэн тэргүүнд Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг ирэх сард зохион байгуулна гэж Пакистаны тал мэдэгдлээ.
| Нарендра Моди Пакистанд гэнэтийн айлчлал хийлээ | ||
| Үзсэн: 1332 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.