Шууд Chart

Нью-Йорк таймс: ОХУ цэргийн хүчин чадавхиа мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна

2015-12-27 14:45:53

ОХУ сүүлийн жилүүдэд цэргийн чадамжаа мэдэгдэхүйц өргөтгөж, зэвсэгт хүчнийхээ байлдах чадамжийг нэмэгдүүлж, зэвсэг техникээ шинэчилж байгаа тухай Америкийн “Нью-Йорк таймс” сонинд мэдээлжээ.

“Орос улс зэвсэгт хүчнээ бэхжүүлж, дэлхийн тавцан дахь байр сууриа маш эрчимтэй бататгаж авлаа. Хүйтэн дайны цаг үеэс хойш ийм зүйл огт болж байгаагүй, мэдээж хэрэг энэ нь Орос улсын өрнөдтэй тогтоох харилцааг хурцатгалаа” гэж тус сонинд тэмдэглэсэн байна. Москва өөрийн нөлөө нөмрөгөө сэргээхийн тулд Хойд мөсөн туйлд шинээр цэргийн бааз барих болон хуучин баазаа сэргээж байгаа. Үүнээс үзэхэд, Орос улс хойд туйлын мөсөн доорх байгалийн шавхагдашгүй нөөц баялгийг ашиглахыг зорьж байна гэж сонины шинжээчид дүгнэж байна. Сүүлийн жилүүдэд Орос улс цэргийн зардлаа эрс нэмэгдүүлж, өмнө нь дутагдаж байснаа нөхөж, олон мянган цэрэг, офицер оролцсон цэргийн сургуулилт тогтмол хийх болсон гэдгийг “Нью-Йорк таймс” сонин бас иш татжээ. Ямар ч байсан Орос улс 2020 он гэхэд өөрт байгаа зэвсэглэлийнхээ 70 хувийг шинэчлэх зорилт тавин ажиллаж байгаа. 2010 онд Ерөнхийлөгч Путины эхлүүлсэн энэ төлөвлөгөө нь 20 их наяд рубль буюу тухайн үеийн ханшаар 700 тэрбум америк долларын өртөгтэй юм. Энэ төлөвлөгөөний дагуу Орос улс 2020 он гэхэд байлдааны 50 шинэ хөлөг онгоц, мөн байлдааны зуу зуун нисэх онгоц, хуурай замын цэргийн олон мянган тоног төхөөрөмжөө шинэчлэх юм байна.  Орос ирэх онд батлан хамгаалах салбартаа 3.1 их наяд рубль, өөрөөр хэлбэл, 49 тэрбум америк доллар төсөвлөөд байгаа нь энэ оныхоос 0.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью-Йорк таймс: ОХУ цэргийн хүчин чадавхиа мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна  
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй