2015 оны урьдчилсан байдлаар Монгол Eлсын эдийн засгийн өсөлт 2.5 хувьтай гарсан. Өнгөрсөн оны 7.8 хувьтай харьцуулахад саарсан дүн. Эдийн засгийн голлох салбар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлт буурсан нь дэлхийн болон гол экспортын түнш өмнөд хөршийн эдийн засаг саарсантай холбоотой. Эдийн засгийн энэ сорилтоос харахад бид ганц морьтой дэлхийн зах зээлд тоглогч байж болохгүй нь гэсэн дохиог улам бүр өглөө. Монголчуудыг өнөөг хүртэл тэжээж ирсэн салбар бол хөдөө аж ахуй. Анх удаа түүхэндээ байгаагүй тоон үзүүлэлтийг энэ салбарт үзүүлж 55 сая 957 мянган толгой малтай боллоо. Өнгөрсөн онтой харьцуулахад 7.6 хувь буюу 3 сая 975 мянгаар өссөн дүн.
1961 онд 20 сая толгойд хүрч, 1981 онд 24.8 сая толгой байсан бол 1991-1999 оны хооронд 33 саяас 23.9 сая хүртэл багасч байсан үе бий. Харин 2009 онд 44 сая толгойд хүрч түүнээс хойш тасралтгүй өссөөр өнөөдөр 56 сая орчим толгой малтай болсон байна.
Малын тоо таван төрөл дээр өссөн. Адуу, үхэр 10-10.7 хувь, хонь, ямаа 7.1-7.4 хувиар, тэмээ 5.3 хувь өсчээ. Сүргийн бүтцээс харахад бод малаас үхэр, адуу өссөн, бог малаас хонин толгой өссөн байна. Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.8 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.6 хувь, ямаа 42.1 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.2 пункт, хониных 0.1 пунктээр буурч, адууных 0.1 пункт, үхрийнх 0.2 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.
Хамгийн олон адуутай аймгаар 360 гаруй мянган толгойгоор Төв аймаг, Архангай, Өвөрхангай, Булган, Сүхбаатар аймаг 289-324 мянган толгойгоор удаалсан байна. Үхэр сүргийн хувьд 544 мянган үхэртэй Архангай тэргүүлж, Хөвсгөл, Төв, Булган, Хэнтий аймаг 270-392 мянгаар удааллаа. Тэмээний хувьд Өмнөговь аймаг 118 мянгаар тэргүүлж, Баянхонгор, Дорнод, Дундговь аймаг удаасан байна. Хонин сүргээр 2 сая 317 мянгаар Архангай тэргүүлж, Төв, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтий аймаг 1,7- 2,2 сая толгойгоор удаалсан дүн байна. Ямааны хувьд 2 сая 314 мянгаар Баянхонгор тэргүүлж, Өвөрхангай, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд аймаг 1.5-1.9 сая толгой ямаа тоолуулжээ. Хамгийн олон толгой малтай аймгаар 4 сая 510 мянга 986 толгой мал тоолуулсан Өвөрхангай аймаг тэргүүлсэн байна. Энэ онд инфляцийн түвшин доогуур байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан. Голлох нөлөөлөл нь махны нийлүүлэлт эрс нэмэгдэж, өнгөрсөн оныхтой харьцуулахад нэг килограмм махны үнэ 2-3 дахин буурсантай холбоотой. Улсын хэмжээнд дотооддоо 10 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 5.6 сая толгой мал буюу 128 мянган тонн мах экспортлох боломжтой. Гэвч хорио цээрийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавх сул байгаагаас хүндрэл үүссэн. Тиймээс экспортлогч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мах хөтөлбөр”-ийг боловсруулж, Засгийн газар 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон.
Өнөөдөр ХАА-н салбарт боловсруулах үйлдвэрлэл хэрэгтэй байна. Засгийн газар 2011 онд дотоодын үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах зорилгоор УИХ-ын 74-р тогтоол гарч, 2013, 2014 онд арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон. Энэ нь дотоодын үйлдвэрүүдээ дэмжин, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгохыг зорьсон. Улсын хэмжээнд арьс, шир боловсруулах 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажиллаж байна. Харин жилд дунджаар арьс, шир түүхий эдийн захад 200-300 мянган ширхэг адууны шир ирдэг. Энэ тооны арьс ширийг дээрх үйлдвэрүүд бүрэн боловсруулах хүчин чадал байхгүй учраас өнөөдрийн байдлаар арьс, ширний “Эмээлт” захад 2014, 2015 оноос хойш хураагдсан 500 мянга гаруй адууны шир байгаа мэдээлэл бий. Дотооддоо шингээж чадахгүй байгаа арьс, ширийг үнэ хүргэх зорилгоор 2016 оны нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 5 хүртэл нэг сарын хугацаанд экспортыг нээх боллоо. Мал мах, түүхий эдээ экспортлохгүй бол малчдын гар дээрх бүтээгдэхүүний үнэ унасаар байна. ХАА-н салбарт бүтээгдэхүүний тоо төрөл өсөхийн хэрээр боловсруулах үйлдвэрлэлийн орон зай улам бүр тэллээ. Хэрвээ бид ХАА салбараа боловсруулах аж үйлдвэрлэлээр дэмжиж чадвал дан ганц уул уурхайгаас илүүтэйгээр нэмүү өртөг шингээсэн эцсийн маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц чадавх байгаа нь энэ жилийн мал тооллогын урьдчилсан дүнгээс харагдаж байна.
| ХАА өсөлт ба үйлдвэрлэл, экспорт | ||
| Үзсэн: 345 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.