Шууд Chart

Хааны ордны ятгыг сэргээжээ

2016-01-04 14:20:06

Хубилай сэцэн хааны 800 жилийн ойд зориулж хааны ордны ятга хөгжмийг сэргээсэн байна. Түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдэж, эртний уран зургуудад төрх нь хадгалагдсан энэхүү хөгжмийн зэмсэг Манжийн дарлалын үед бүдгэрэн мартагдсан байдаг. Харин үндэсний эрдэмтдийн олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд дахин амилж, сургалтын хөтөлбөрт багтжээ.

Соёл урлагийн их сургуулийн багш нар түүхэн сурвалжууд болон хуучны дүрслэх урлагийн баримтуудад тулгуурлан 2015 онд 13-р зууны үед Монголын их хаадын ордонд тоглож байсан 7, 9, 11 чавхдастай ятгыг  дахин сэргээсэн байна. Босоо гэж нэрлэх энэхүү ятгаа монголчууд зөвхөн хааны ордонд тоглохоос гадна ан гөрөө хийхдээ ч ашиглаж байсныг түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.

7, 9, 11 чавхдастай ятга хөгжмийг бүтээх судалгаа 2012 оноос эхэлсэн байдаг ч Хубилай хааны 800 жилийн ойгоор бодит ажил болжээ. Энэхүү хөгжмийг босоо, суугаа тэр ч бүү хэл, морин дээр ч хөгжимдөж болдог байсан. Эрдэмтэд шинээр бүтээхдээ ч арга билгийн гал, мод, усан махбодийг шингээж үндэсний онцлогийг нь хадгалжээ. Цэнхэр залаагаас эхлээд ятгаар хөгжимдөж болох бүхий л ая данг тоглож үзсэн ч цаанаа л өөр эрхэмсэг, яруу, тансаг, ардын аялгууг түүнд зориулан бүтээжээ.

Соёл урлагийн их сургуулийн 3, 4-р дамжааны оюутнуудын заавал сурах хөгжимд үндэсний ятга хөгжим багтсан байна. Тиймээс ч “Шинжлэх ухаан инноваци үйлдвэрлэл”-ийн шилдэг төслөөр шалгарсан байна.  

Энэ талаар Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд “Монгол орноос тэр дундаа Алтайгаас хоёр удаа ятга олдож байсан. Эхнийх нь 1947 онд археологийн хайгуулаар илэрсэн. Гэвч тухай үед монголчуудад энэ төрлийн хөгжмийн зэмсэг байхгүй байна гэх үндэслэлээр Персээс гаралтай гэж тогтоосон байдаг. Харин хожим дахин илэрсэн. Одоо хааны ордны ятга хөгжмөө сэргээгээд ашиглаж эхэлсэн. Хэн ч, хаана ч ятгыг Монголынх биш гэж маргах үндэслэлгүй болсон” гэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хааны ордны ятгыг сэргээжээ  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй