2016 оныг Сэлэнгэ, Дорноговь аймгийнхан баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарлажээ. Хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэнээр жилийн эцэс гэхэд Сэлэнгэд 2000 ажлын байрыг шинээр бий болгоно гэж зорьж байгаа бол Дорноговьчууд МАА, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх том зорилт тавьжээ.
Сэлэнгэ аймгийнхан 2016 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ уул уурхайн салбарын эзлэх хувийг бууруулах зорилт тавьж буй юм байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт газар тариалан, мал аж ахуйн салбараа дэмжиж ажиллахаас гадна хүнс хөнгөн үйлдвэр, жижиг дунд бизнесийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ гэсэн үг. Ажлын байр ихээр шингээж баялаг бүтээдэг салбарыг дэмжсэнээр ажилгүйдлийг бууруулж, өрхийн амьжиргааг дээшлүүлнэ гэж үзэж байна.
Мөн аймгийн хэмжээнд 2015 онд хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэн бүтээн байгуулалтын гол гол барилгуудыг ашиглалтад оруулна гэж аймгийн Засаг дарга хэллээ. 2015 онд дөрвөн суманд таван давхар иж бүрэн дэд бүтэцтэй нийтийн орон сууцуудыг барьсан бол ирэх жил ч мөн 5 суманд орон сууц барих юм байна.
Тэгвэл Дорноговь аймагт ч мөн 1000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр зураг төслийн ажлыг нь хийж дууссан байна. Энэ жил тус аймагт Цагаан суваргын зэс молебдиний үйлдвэр байгуулна. Мөн жилд сая тонн ц-мент үйлдвэрлэх хүчин чадалтэй хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтад орно. Мөн Тавантолгой Сайншандын төмөр замыг барьж байгуулах судалгааны ажил хийгдэж буй юм байна. Үүнээс гадна аймгийнхаа аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн томоохон хөтөлбөр энэ онд хэрэгжих аж.
Түүнчлэн 2016 онд нийт 22 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвөөр хийхээр төлөвлөж байгаа юм байна. Эдгээр бүтээн байгуулалтыг аймгийнхаа баялаг бүтээгчидтэйгээ хамтран хэрэгжүүлэхийг аймгийн удирдлагууд зорьж байгаа гэлээ.
| Сэлэнгэ аймагт 2000 ажлын байрыг шинээр бий болгоно | ||
| Үзсэн: 394 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.